ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд хамгааллын төсвийг 2.5 тэрбумаар нэмжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-21

Долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийдэг уламжлал ёсоор өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Тэгвэл хуралдаанаас хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэх шийдвэр гаргажээ.

Хүүхдийг гэмт хэрэг хүчирхийллээс хамгаалах зорилготой хүүхдийн байцаагчийн орон тоо бага байгаагаас хүүхэд нэг бүрт хүрч ажиллах боломжгүй гэдгийг Хүүхдийн байгууллагын удирдлагууд хэлж байсан. Тиймдээ ч Засгийн газар яаралтай арга хэмжээ авч орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол дөнгөж сая гаргалаа. Гаргасан шийдвэрийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газраас  хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоо 53 байсныг 103-аар  нэмэх тогтоол гаргалаа.

Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Хүүхэд хамгааллын жилийн төсвийг нь 2.5 тэрбум төгрөгөөр нэмж байна. Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ хамтран ажиллаж, хамгаалах ёстой.  Төр, иргэн, аж ахуй нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах ёстой юм” хэмээлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хуулийн яамтай хамтран хийсэн хүчирхийллийн асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн байцаагч хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж байсан учраас эмэгтэй гишүүд энэ асуудалд илүү анхаарал хандуулжээ.