ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Надад зориулж хууль баталж байна гэж ойлголоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Энэхүү хуулиар дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуусах хүртэл хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарах, мөн үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд суух эрхийг хасах, УИХ-ын гишүүний нэр хүнд болон эмх замбараагүй байдал үүсгэвэл хуралдаанд оролцох эрхийг нь 3 сараар хасах асуудлыг тусгаж өгчээ.

Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор шаардлагатай гэж үзвэл хаалттай хэлэлцэх, хуралдааныг үр нөлөөтэй явуулах үүднээс нэн шаардлагатай асуудал орж ирвэл уг асуудалтай бүрэн танилцах үүднээс ирцийн бүртгэлийг 09.00 цагаас эхлүүлж, чуулганыг харин 10.00 цагаас эхэлж байхаар зохицуулжээ. Гэвч энэхүү хуулийн УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд ноцтой халдаж байна гэж үзсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “АН, МАХН, бие даагч 14 нөхөрт зориулан хууль гаргаж байгаа юм уу. Та нар аятайхан байхгүй бол хөөж гаргана шүү гэж хууль баталж байгаа хэрэг үү. Та нараас болж хөөгдөнө гэж байхгүй. Хуралдааны цагийг 10.00 болгоно гэж байна. Тэгсээр 11.00 цаг болдог. Ард түмэнд болохоор алаад өгнө өө гэж орж ирчихээд ийм байж болох уу” хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нэг хүний эрх ашгийн төлөө тойрог төлөөлж байгаа гишүүнийг танхимаас гаргаж болохгүй. Танхимаас хөөж гаргана гэсэн заалтыг дэмжихгүй байна. Бид өөрсдөө ийм болгосон. Хууль санаачлах эрхийг нь хаслаа. УИХ-ын зарим гишүүдийн ёсзүйгүй байдлаас болж бид ард түмний өмнө нэр нүүрээ барлаа. Нэг хүнд бүрэн эрх мэдэл өгч, өнгөрсөн дөрвөн жилд гаргасан алдаагаа давтахгүй гэж найдъя” хэмээн бухимдсан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Надад зориулж хууль баталж байна гэж ойлголоо. Бид хэрвээ олонхи болвол наад хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Та нар ингэж байгаа бол бид олонхи 5 минут, цөөнх 6 минут үг хэлдэг хуулийн төсөл батална. Та нар цөөнхийн эрхийг хааж ЖДҮ, тендер хулгайлдаг. Түүнийг нь хэлсэн нэгнийг хөөж гаргадаг хууль батлах гэж байна” гэв.

Харин хуулийн төсөл санаачлагчдын зүгээс “Өмнө нь гишүүдийг танхимаас гаргах заалт байсан. Үүнийг илүү уян хатан болгож байгаа юм. Битгий үүнийг улстөржүүлээч. 2007 онд баталсан хуульд л гишүүдийн хариуцлагын асуудлыг тусгасан байсан. Гишүүд дур дураараа ярьдаг байдлыг цэгцлэх заалт оруулсан юм” гэсэн хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн зүгээс чуулган хуралдах цаг, төрийн алба цуглах цагийг зөрүүлэх санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар 09.00 цагаас эхлүүлэх нь оновчтой гэсэн хариулт өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болжээ” хэмээн бухимдав. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн учраас холбогдох байнгын хороонд шилжүүллээ.