ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүтээн байгуулалтад оролцох 74 хятад иргэнийг өчигдөр хилээр нэвтрүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-22

Хил гамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн, ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан нар БНХАУ-ын иргэд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэх асуудлаар мэдээлэл өглөө. Ж.Бямбасүрэн дарга хэлэхдээ “Өчигдөр 16-17 цагийн хооронд Монгол Улсын хилийн боомтоор Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс орны нэн яаралтай бүтээн байгуулалтад оролцохоор БНХАУ-ын 74 иргэнийг зохих эрүүл мэндийн үзлэг, хяналтад оруулсны дараа хил нэвтрүүлсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа шиг 7-8 автобус хүн нэвтрүүлсэн асуудал байхгүй” гэлээ.

Эдгээр иргэд Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллах мэргэжлийн инженер, техникийн ажилчид бөгөөд Монгол Улсын онцгой комиссоос тавьсан шаардлагын дагуу маск зүүж, нэг автобусанд цөөн тоогоор сууж орж ирсэн бөгөөд 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дараа бүтээн байгуулалтын ажилд дуустал нь оролцох аж.

Монгол Улс нь хил гаалийн хяналт тогтоосноос хойш нийтдээ 1000 гаруй инженер техникийн ажилтныг улсын хилээр нэвтрүүлж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа гэх мэдээллийг ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн мэдэгдлээ.  Харин ЦЕГ-ын Дэд дарга Ж.Амгалан “Эдгээр иргэдийг Монгол Улсын хилээр орж ирсэн цагаас эхлэн цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчид дагалдаж, тусгаарлах байр хүртэл авч явах, мөн тэнд нь хянах үүрэг хүлээж байгаа. Өчигдөр нийтдээ 100 иргэн орж ирснээс 26-г нь бид буцаасан. Автобусанд нь суусан нэг иргэн 37 хэмээс дээш халуурч байсан учраас бид буцаасан. Хяналтын хугацаа дууссаны дараа гадаадын иргэн харьяатын газар хариуцаад явна. Цаашдаа ийм ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” гэсэн юм.