“Фантастик”-ийн залууст баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-23

Дэлгэцийн олон арван чанартай бүтээл туурвиж, тэр тусмаа түүхэн үйл явдлуудыг уран сайхны кино болгон үзэгчдэд хүргэж буй “Фантастик” продакшны залууст Хятадын найруулагч Ху Чуаньшань “Номонханы цуст тулаан” кино хамтарч хийх хүсэлт тавьжээ. Гэсэн ч залуус энэхүү уран бүтээлийг хамтарч хийх боломжгүй, түүхэн үнэнийг гуйвуулсан гэж үзэж буйгаа кирилл болон монгол бичиг гэсэн хоёр хувилбараар бичиж хариу илгээсэн нь олон хүний талархлыг хүлээж байна.

Хэдийгээр энэхүү уран бүтээл нь уран сайхны кино хэдий ч түүхэн үнэнийг хэзээ ч гуйвуулах учиргүй. Гадны олон уран бүтээлчид Монголын түүхийг хэт гуйвуулж байсан жишээ “Мулан”-аас эхлээд олон байдаг учраас уран бүтээлч залуусын энэ үйлдэл олон хүний талархлыг хүлээсэн юм.

Тэд хариу мэдэгдэлдээ “Манай мэргэжлийн түүхч, цэргийн түүхч нар таны зохиолыг бодит үйл явдлыг гуйвуулсан гэсэн дүгнэлт ирүүлсэн. Уран сайхны кино ч гэлээ Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээжээ.

Мөн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө заавраар бичсэн Халх голын дайны тухай кино зохиолоо Ху Чуаньшань найруулагчид явуулж, хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдэгджээ. Хятад найруулагч зохиолдоо 1939 оны Халхын голын дайны үйл явдлыг өгүүлэхдээ хятад эр цэргийн стратегийн чухал мэдээллийг Зөвлөлтийн улаан армийн тагнуулын ангид өгч, Жуков, Х.Чойбалсан нарт Квантуны армийн нууц мэдээллийн шифрийг тайлж өгсөн гэх агуулга байсан аж.

Хамгийн чухал нь БНХАУ-ын төрийн бодлогоор Өвөрмонголд монгол бичгээр хичээл орохыг хориглосон зөрчилдөөн үүссэн энэ үед монгол бичгээр хариугаа илгээсэн нь давхар санааг агуулсан нь тодорхой байгаа юм. Эх оронч хүн гэдэг тэмцэж, эс бөгөөс олны өмнө гарч ирж уриа лоозон барихыг хэлдэггүй. Өчүүхэн жижиг үйлдэл нь ч эх оронч гэдгийг нь харуулахад хангалттай. Тэр ч утгаараа залуусын энэ үйлдэл ЭХ ОРОНЧ үйлдэл болж чадав. Шижигнэсэн залуустаа нийт монголчуудын өмнөөс баярлалаа.