ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголбанк: Бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж, зургаан хувьд хүргэлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-23

 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар өнөөдөр  хуралдлаа.

Б.Лхагвасүрэн:

/ Монголбанкны ерөнхийлөгч/

-Монголбанк бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулаад эдийн засаг, бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл, хүндрэлүүд учирч байна. Хүндрэлийг хэрхэн зөөлрүүлэх вэ, тогтвортой байдлыг хангах талаар ямар дэмжлэг үзүүлж, бодлогын шийдвэр гаргавал нэмэр болох вэ гэх зэргээр өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа.

Хурлаас гарсан шийдвэрийг хүргэж байна.

  • Бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж зургаан хувьд хүргэх,-
  • Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж зургаан хувьд тогтоох,
  • Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  • ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.
  • Энэ багц шийдвэр Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэж байна.
  • Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2,4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2,6 хувьд хүрлээ.
  • Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг Covid-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9,7  хувиар агшсан бол гуравдугаар улиралд -3,1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав.
  • Цар тахлын дотоод тархалтыг хумихаар энэ сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна.
  • Монголбанк банк, өрх, ААН-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадавхыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлэн хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хороо" гэсэн шийдвэр гаргалаа.
  • Монгол Улсад анхны хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас Монголбанк бүхий л журмаа зөөллөж, иргэд, ААН-д ирж байгаа дарамтыг зөөллөж ирсэн. Зээлийн эрсдэлийн сан байгуулах журмын зохицуулалтыг суллаж өгсөн. ААН-үүд, иргэдийн зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан.