ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-24

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнийг Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ. Хэргийг сануулахад,  Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан  Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрөгч долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон ч хамгийн сүүлд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ. Өөрөөр хэлбэл,  2020 оны долдугаар сарын 22-ны өдөр гаргасан Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.