ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Золжаргал: Батцэнгэл болон  Ихтамир суманд хөл хорио тогтоож, тэг  зогсолт хийлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-29

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалаас цаг үетэй холбогдуулан цөөн асуултад хариулт авлаа.

 

-Батцэнгэл суманд ковид-19 вирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нэг хот айлын есөн  иргэнээс шинжилгээ авсанаас аав, хүү хоёрын  хариу /18:00 цагт/ эерэг гарлаа.

- Хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ. Ямар зовиуртай байна вэ?

-Биеийн байдал хэвийн байна. Ямар нэгэн зовиур илээгүй.

-Хэзээ хотод ирсэн хүн бэ?

-Энэ сарын 15-ны өдөр өөрийн хувийн унаанд дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн.  Энэ сарын  27-нд ХӨСҮТ-ээс ирсэн батлагдсан тохиолдлын нэгдүгээр  хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээллийн дагуу шуурхай бүлэг гарган ажиллаж байна. Тандалт судалгааны баг нэгдүгээр хавьтлын 52 иргэнийг олж тусгаарласан. Мөн хоёрдугаар хавьтлын 102 иргэнийг тогтоож гэрийн хорионд оруулсан.

-Ихтамир сумын гурван иргэн тухайн айлаас идэш авсан  гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

- Тийм ээ. Ихтамир сумын гурван иргэн батлагдсан тохиолдлын гэрээс идэш авах зорилгоор ирээд буцсан. Тиймээс Батцэнгэл, Ихтамир суманд хөл хорио тогтоож, тэг  зогсолт хийсэн. Мөн сумдад  ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн. Нийт тохиолдлын 80 хувь Батцэнгэл суманд тогтоогдсон тул PCR шинжилгээний лабораторийг тус суманд байрлуулж, бүх тохиолдолд шинжилгээ авч ажиллаж байна.

-Хавьталд тодорхойлсон иргэдийн явсан замын зураглалыг хэрхэн гаргаж байгаа вэ?

-Зураглалд бусад сумаар зорчсон тэмдэглэл гарсан даруйд хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Мөн тэг зогсолт хийсэн хоёр сумаар дамжин өнгөрөх тусгай зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Харин зогсохыг хориглоно.

-Хотоос иргэдээ татаж авах уу?

Орон нутгийн иргэдээ татан авах ажиллагаа тодорхой шийдвэргүй байна. Аймгийн хэмжээнд  хүнсний нөөц хангалттай байна. Хамгийн чухал нь ард иргэд  дархлаагаа дэмжиж, гэртээ байх нь чухал байна.