ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Вакцинжуулалтад хамрагдах эхний гурван орны жагсаалтад Монгол Улс багтсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-02

Халдвар гарсан аймаг, Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гурван тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Тодруулбал,тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэгт зайлшгүй шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж. Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотын удирдлагуудын ирүүлсэн хүсэлтийг Сангийн яам хянасан гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдвэрлэж эхэлжээ. Улсын хэмжээнд 72 байршилд 2301 хүнийг тусгаарлаад байна.

Мөн 2021 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ, баримтаар нотлогдсон бол бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөлөө. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуй нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засаг идэвхжинэ гэж тооцоолж байна.

Мөн энэ үеэр Шадар сайд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, вакцинтай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулт өгөхдөө "ДЭМБ-аас бүртгэсэн вакцин алга. Гэхдээ дэлхийн хэмжээнд хөгжүүлэлт нь амжилттай яваа 10 вакцин гуравдугаар шатлалдаа орсон юм билээ. Moderna, Astra Zeneca компанийн болон, Орос, Хятадын гэсэн вакцинууд тухайн үндэстнийхээ бүртгэлд хамрагдаж, олон улсад үр дүнгээ тайлагнах, цаашлаад олон улсын түвшинд бүртгэгдэх шатандаа яригдаж эхэлсэн. 

Хэрвээ вакцин ДЭМБ болон олон улсын хатуу хоригтой орнуудын бүртгэлд хамрагдаад эхэлсэн тохиолдолд Монгол Улс хамгийн эхний ээлжид хамрагдах орнуудын тоонд орохоор идэвхтэй ажиллаж байна" гэлээ. Дархлаажуулалтын тухай хуулиар иргэн нь вакцинд сайн дураар хамрагдах учраас албадахгүй гэдгийг онцлов. Эдгээр вакцинууд бүгд 0-18 насны хүүхдэд хийгдэхгүй гэсэн заалттай юм байна. Тиймээс 1.4 сая гаруй иргэнд 3 сая тун вакцин авах асуудлаар AstraZeneca, Moderna зэрэг вакцин үйлдвэрлэгч компаниудтай цахим хурал хийж, мэдээлэл аваад, хэлцэлд хүрэх ажлыг зохион байгуулах бөгөөд вакцинжуулалтад хамрагдах эхний гурван орны жагсаалтад Монгол Улс багтжээ. Түүнчлэн, вакцинтай холбоотой асуудлаар Сангийн сайд ахалж, Гадаад хэргийн сайд орлогчоор нь ажиллаж буй томоохон ажлын хэсэг гаран ажиллаж байгаа гэлээ.