ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Эрдэмтэн: Эх орноосоо хол бидэнд ядрах, гомдоллох, шантрах эрх байхгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-17


“Харьд суугаа монголчууд” буландаа БНСУ-д ажиллаж амьдарч буй Г.Эрдэмтэнтэй онлайнаар ярилцлаа. Түүний хувьд тус улсад очоод удаагүй ч аль хэдийн хөлөө олж,  бусдын адил харийн  оронд хөдөлмөрлөж яваа  хэрсүү,  ухаалаг бүсгүй юм.  


-Юуны өмнө Солонгос орны сонин сайхны талаар хуучлаач.  Монголчууд хамгийн  их ажиллаж, амьдардаг орон учраас ярилцлагаа энэ талаар эхлүүлье? 

-Ойрд Солонгос гэлтгүй бүх улс орнуудад хөл хөдөлгөөн бага байх шиг байна. Энд ч мөн адил коронагаас болоод ихэнх ажил, хичээл сургууль, албан байгууллагууд горим журмын дагуу зогсонги байдалтай болсон. Ойрд энд халдвар авсан иргэдийн тоо 1000 давж, эрс өсч байгаа учраас түгшүүртэй л байна. Манай монголчууд корона вирусын халдвар авах нь харьцангуй бага байгаа. Өвчилсөн хүмүүс гэртээ тусгаарлагдаж, шинж тэмдгийн хүндрэл ихтэй бол эмнэлэгт эмчлүүлж байгаа. Манайхан харьцангуй цэвэрч, дасан зохицох чадвартай бас дархлаа сайтай хүмүүс шүү дээ.

-Чиний хувьд Солонгост амьдраад  хэдэн жил болж байна. Анх яагаад  энэ орныг  зорихоор болов?

-Анх 2017 онд ирснээс хойш аль хэдийнээ 3 жил болжээ. Ирэх болсон шалтгаан маань мэргэжил дээшлүүлж,сэтгэл судлалаар магистрын зэрэг горилох байлаа. Санасандаа ч хүрч энэ зун сургуулиа амжилттай төгслөө. Хэдхэн хоногийн өмнө шинэ ажилд орох гэрээгээ байгуулж, ажилдаа орсон. Энэ удаа мэргэжлийнхээ дагуу уран зургийн галлерейд ажиллаж байна. Солонгос улсын авууштай тал нь хэн хөдөлмөрлөж, чадварлаг байна түүнд л цалин хөлс, урамшуулал хангалттай дагалддаг.   Монголд байхдаа телевизэд ажиллаж байлаа. ( MNB, SBN, Dreambox) Бага байхаасаа хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Сүүлд энд ирэн иртэл Dreambox телевизэд ажиллаж байсан  учраас хоёр  орны ажиллах орчны ялгаа,  нөхцөл  байдлыг багагүй мэддэг.

-Солонгос  улсын залуучуудын талаар ажигласан зүйлээсээ хуваалцаач. Манайхан Солонгос хүмүүсийн  аж амьдралыг сериал дээрх өнгөр төрхөөр  төсөөлөөд  байдаг. Ер нь ямар онцлог чанартай хүмүүс вэ?

-Эхний хэдэн сар дасах гэж нилээн л юм болсон. Иргэд нь маш ёсорхуу, тусч, эх оронч санагдаж байсан. Хэл бичиг нь хүртэл хүндэтгэлийн хэллэгтэй учраас гайхаж, андуурах зүйл олон байсан. Мөн нийтийн тээврийн хөгжил, хот тохижилт, төлөвлөлт ямар нарийн хийгдсэнийг  хараад гайхаж билээ. Тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид хүссэн газраа, чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг гээд бүх л зүйл шинэ, содон санагдаж байлаа. Солонгосчуудын давуу тал гэвэл цаг барьдаг, эх оронч, үнэнч, хувь хүний хөгжил тал дээр өөрийгөө маш сайн анхаарч хөгжүүлж чаддаг. Мөн чөлөөтэй сэтгэж, юманд баригддаггүй. Харин дутагдалтай тал гэвэл залуучууд нь бэлэнчлэх сэтгэлгээтэй, нилээн сүржин санагддаг.

-Залууст гадны улс орныг зорих олон шалтгаан байдаг байх. Тэглээ гээд хантлаа сайхан амьдарч чаддаг болов уу. Ер нь Солонгост амьдарч буй монгол иргэдийн ахуй амьдрал  ямархуу байдаг вэ? 

-Яг үнэндээ хүний л нутаг шүү дээ. Энд байгаа залуучууд 100 хувь  сэтгэл ханамжтай амьдардаг гэж бодохгүй байна. Юм л болвол бид Монголдоо хурдан очоод энд сурсан бүхнээ хэрэгжүүлэхсэн гэж бодож явдаг. Миний анзаарснаар Монголд байгаа залуучууд энд ирээд бүх зүйл цэгцрээд сайхан болно гэж боддог бол, энд байгаа бид нар ч бас Монголдоо л очвол бүх зүйл сайхан байна гэж итгэдэг. Хоёр өөр газраас яг ижил зүйл боддог. Үүнээс харахад байгаа байгаа газрууддаа өөрийн боломжоо олох хэрэгтэй гэдгийг л хэлэх байна. Энд урт удаан хугацаагаар ирсэн хүмүүс бүхнийг тэгээс эхэлдэг. Хэл, соёл, нийгмийн ялгаа, зөрчилдөөн гээд олон зүйл онгоцноос буугаад, хилээр гарах тэр мөчөөс гэнэт л чиний өмнө гараад ирнэ. Ингээд л хариуцлага, зорилго, бэрхшээлүүд зөвхөн надаас шалтгаалах болдог. Нийгмээ дагаад  ч тэр үү оволзсон их амьдрал дунд байгаа бидний цаг хугацаа маш хурдан өрнөөд явчихдаг. Ихэнх монголчууд маань ажил, хичээл, сургууль гээд үүрээр гараад үдшийн бүрийгээр л орж ирнэ. Эх орноосоо хол бидэнд ядрах, гомдоллох, шантрах эрх байхгүй.

 

...Миний анзаарснаар Монголд байгаа залуучууд энд ирээд бүх зүйл цэгцрээд сайхан болно гэж боддог бол, энд байгаа бид нар ч бас Монголдоо л очвол бүх зүйл сайхан байна гэж итгэдэг. Хоёр өөр газраас яг ижил зүйл боддог. Үүнээс харахад байгаа байгаа газрууддаа өөрийн боломжоо олох хэрэгтэй гэдгийг л хэлэх байна...

 

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд аливаа баяр ёслолоор уламжлалт ахуйгаа харуулсан өдөрлөг,  арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Үүгээрээ хүүхдүүддээ өв соёлоо таниулахад ач холбогдолтой байдаг гэж боддог. Хүүхдүүдэд монгол хэлийг нь мартуулахгүй, бас сургах асуудалд хэрхэн анхаардаг вэ? 

-Үндэсний баяруудаа боломжийнхоо хирээр зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлдэг. Мэдээж энд багаасаа өссөн хүүхдүүдийн хэл соёл яалт ч үгүй тулгамдсан асуудлуудын нэг мөн. Энд хувь хүн, хэл соёлын төвүүд сургалт, лекц зохион байгуулдаг ч хангалттай олон байдаггүй. Хэдий эх орноосоо хол ч, эх хэлээсээ хол хөндий байж болохгүй гэж үздэг учраас миний хувьд жаахан ч гэсэн тус болох болов уу гээд эргэн тойрны дүү нар, хүүхдүүдэд зориулан өөрийн "Яруу тансаг" фэйсбүүк хуудсаараа дамжуулан үлгэр, зохиолууд уншиж хүргэсээр байна.

-Тус улсад амьдардаг монголчуудтайгаа хэр харилцаатай байна. Хүний нутаг нутаг нэгтнээ дэмжиж, туслах талаар хэр байдаг бол?

-Энд байгаа Монголчууд харьцангуй уялдаа холбоо сайтай байдаг. Ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахад нэг нэгнээ сайн дэмжиж тусалдаг.  Дөнгөж ирсэн эсвэл аялалаар ирээд ажиллах гэж байгаа хүмүүст, энд урт удаан хугацаагаар амьдардаг манайхан тусалж дэмжих нь их байдаг. Наад зах нь ажил олж өгөх зуучлах, гэртээ байлгах, байр олж өгөх, эсвэл хэлмэрч хийх гэх мэт. Ер нь богино хугацааны визээр ирж байгаа манайхан аялахаас гадна ажил хийж, зардлаа нөхөх нь элбэг байдаг.

 

-Хэзээ Монголдоо ирж амьдрах вэ. Монгол орон өдөр ирэх тусам хөгжсөөр байгаа шүү дээ? 

-Ойрын 1 жилдээ энд байх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хугацаанд коронавирус ч намжиж хил нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа шилжинэ гэж найдаж байна. Тэр болтол амжуулах, суралцах зүйл их  байгаа.

-Цаашид гадаад  орныг зорих хүсэлтэй хүмүүс юуг  анхаарах ёстой бол?

-Хаашаа ч явах байсан сэтгэл зүйгээ маш сайн бэлд гэж зөвлөмөөр байна. Эх орондоо чи эрх чөлөөтэй, эрх мэдэлтэн байсан бол хүний нутагт ирээд хэний ч танихгүй нэгэн болж хувирна. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эхний удаад бүх зүйл хэцүү санагдах ч, шантралгүй зүтгэвэл шагналаа чи авна. Бидний эргээд уулзах эцсийн цэг Монгол гэдгийг санаад хаана ч байсан эв нэгдэлтэй, хүнлэг байгаарай. Гадаад орны сайхан, зөв гэснийг эх орондоо нэвтрүүлж, эргээд заавал Монголдоо барьсан, мэдсэн зүйлтэй ирээрэй.

-Коронавирусын халдвар авсан монгол иргэд эмчилгээнд хэрхэн хамрагдаж байгаа вэ. Ер нь Монголчууд халдвар авах хэр байна вэ?

-Тэдгээр иргэд элчин сайдын яаманд өргөдөл гаргаад, эхнээсээ явж байгаа. Монгол улс маань дотоодын халдвараас болоод одоохондоо нислэг үйлдэхгүй байгаа юм билээ.

-Солонгосын төр засаг үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн  нийгмийн  амьдралд хэр тусламж дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Бага болон дунд сургуулийн Солонгос хүүхдүүддээ 300.000 вон, гадаад хүүхдүүдэд 200.000 вон, мөн хоол хүнсний дэмжлэг үзүүлсэн. Харин албан газрууд тухайн ажилчиддаа мөнгөн болон хоол хүнсний дэмжлэг үзүүлж байгаа. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ түрээс, татвар зэргийг хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авч байгаа.