ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аньсага минь чийгтээд байна, аавын үнэртэй наадам айсуй

Б.ОЮУНГЭРЭЛ
2018-07-09

Таван жилийн өмнө би энэ дурсамжаа тэрлэж байсан санагдана.  “Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар...”.  Энэ дууг сонсоход яагаад ч юм самсаа шархирч, сэтгэл нэг л хачин болчихдог юм. Наадам дөхөөд ирэхээр бүр ч ихээр сэтгэл сэмэрдэг. Аавыг минь Бизъяа гэдэг. Архангай аймгийн Хотонт сумын хүн. 1970-аад оны эхээр аав ээж хоёр маань Төв аймгийн Борнуур суманд ирж нутаглаж, эндхийн хүмүүс болсноор бидний түүх эхэлсэн юм. Би дөрвөн настай байсан юм билээ. Аав нэг өдөр эмнэг даага хөтөлчихсөн уяан дээр ирж буугаад “Гэрлээг морь унуулж сургана аа” гэж хэлээд эгчийн жижигхэн эмээлийг өнөө эмнэг дааганд тохож, намайг мордуулаад хоёр дөрөөг доогуур нь дөрөөн сураар холбож, эмээл дээрээсээ чүй чамай цухуйж байгаа намайг эмээл дээр минь ганзагаар сайн гэгч даруулж уячихаад, уртаас урт цулбуураар хөтлөн сумын төв рүү гарч өгсөн юм гэнэ лээ. Жаахан байсан болохоор тэрийг бүүр түүрхэн санадаг юм. Авгай хүүхнүүд  “Энэ Бизъяа, охин хүүхдээ үрээд хаячих нь ээ, яадаг билээ” хэмээн орж гаран хэлэлцэж, аавын үеийн харчууд “Эдний охид хар багаасаа эрэгтэй хүүхдүүд шиг өсчихсөн болохоор алзахгүй ээ” гэцгээн үлдсэн аж. Нар уулын цаагуур орохын алдад аавын өвөр чихэр, молоко тэргүүтнээр дүүрчихсэн, хажууд нь би гэдэг амьтан өөрөө жолоо цулбуураа барьчихсан, гэрийн гаднаас тонгочиж нэг их сүйд болж явсан даага нь номхорчихсон бөн бөн шогшуулсаар ирсэн гэдэг. 

Энэ цагаас хойш би морины нуруун дээрээс буух дургүй, аав маань уяан дээрээсээ гэртээ орох дургүй болсон юмдаг. Аав нутгийн хүнээс нэг хээр морь худалдаж авснаас хойш аав, дэлдэн хээр, бид гурав ёстой л ижил дасал болтлоо уралдсан даа. Хээр морь хаанаас нь ч харсан хонины морь оо. Номхон ч гэж жигтэйхэн, нэг тийм сонин дэлдэн чихтэй, ямар ч хурдан морины шинжгүй. Аав түүнийг “дэлдэн хээр” гэнэ. Морь унаж сурсан анхны наадам хаяанд ирлээ. Аав нарийхан суран жолоотой хазаар, ташуур бэлдэж, ээж цэнхэр торгоор дээл оёж өгөв.  Наадмын өглөө над шиг ганган хүн алга аа. Их насны морьд гарааны зурхай руу хөдлөхийн өмнө “За миний охин, морио битгий ташуурдаарай. Хамгийн түрүүнд эргэж болохгүй шүү. Өнжин орж ирээд л жолоогоо сайн татаад, хоёр сайн гуугалаарай. Дэлдэн хээр нь яахаа мэдэх байх аа. Үлий таарч магадгүй жолоогоо сайн барьж явна шүү. Морио бүдэрвэл жолоогоо өөр рүүгээ сайн татаарай. Болж өгвөл бөөн  мориноос холуур яваарай. Морио ташуурдаж болохгүй шүү, ташуураа эргүүлээд гуугал. Өнжингөөс  наашаа гараад морь нь яахаа мэднэ ээ. Аавынхаа захиасыг мартав аа” гэж захив. Яг л аавын хэлснээр гарааны зурхайгаас жаахан сүүлдэсхийгээд л эргэсэн санагдана. “Анх удаа сумын наадамд уралдаж байгааг ч хэлэх үү, тэр олон морьдын тоосонд даруулаад баян ходоод болох юм байна” гэж тэрхэн зуур бодож амжив.

Аавын хэлснээр хүүхдүүдийн дунд оролгүй захласхийн явсаар Өнжингийн фермийн бараа харагдангуут л ташуураа эргүүлэн хэд сайн гуугалав. Дэлдэн хээрийн маань чих улам дэлдийж ирээд л ухасхийж байна. Золтой л мориноосоо хийсээд уначихсангүй. Дөрөөн суртай, ганзагаар даруулчихсан болохоор унасангүй. Дэлдэн хээр ёстой л сум шиг сугарав. Ингээд тэр наадамд дэлдэн хээр бид хоёр саахалтын зайд түрүүлж ирж билээ. Аав, ээж хоёр маань наадмын талбайн баруун талын уулан дээр дурандаад сууж байгааг мэдэх болохоор би гэдэг хүн морины бариа руу биш аав, ээж рүүгээ л очих юм бодоод уул өөд жолоогоо залав. Наадамчин олон “Хүүе хаая, наашаа цаашаа, бариа руу яваарай, алив тэр хүүхдийг, морийг эргүүлээрэй” гэж хашгиралдаж, сүйд боллоо. Морь бариач дэлдэн хээр бид хоёрыг хашиж уруудуулан барианд оруулж билээ. Аав маань тэр холоос майжигнан гүйсээр ирж намайг өндөрт өргөж “Ёстой сайн байна, миний охин. Аавынхаа үгэнд сайн орлоо. Эвий охин минь, анх удаа уралдлаа, түрүүллээ” гээд хөл нь газар хүрэхгүй догдолно. Ээж наадмын хуушуур, улаан ус барьсаар тосч ирэв. Наадамчид “Ийм өөдөсхөн жаахан амьтан юм чинь аргагүй шүү дээ. Бид хүүхэдгүй морь ирж явна гэж хараад байлаа шүү дээ” гэх зуур 2-3 хүн зураг аваад л, тэрүүхэндээ сүртэй байв. Манай суманд Дэлэг гэж нэг их гоё дуулдаг, морины цолыг ёстой ган хоолойгоор часхийтэл дууддаг аавын маань үеийн хүн байж билээ. Өндөр нуруутай, цаанаа л нэг цэмцгэр. Дэлэг гуай их насны айргийн таван морийг хөтөлсөөр наадмын талбайн голд ирж цоллож, айргаар мялаах тэр агшинд дэлдэн хээр өндөрт цойлж, намайг эгээтэй л унагачихсангүй. Түрүүлсэн морины бай шагналд дугуй булантай цай, дөрвөлжин улаан чемодан, гурван хаалгатай толь авчихаад дэлдэн хээрээ хөтлөн, аав бид хоёр их л маадгар харьж билээ. Энэ өдрөөс хойш аав бид хоёр олон сумын наадамд уралдсан даа. Аймгийн наадам, олон суманд уралдсан. Аймаг, сумдын айраг түрүүг олон хүртсэн.

Уяачид нэг гал болон майхан, тогоо шанагаа морин тэрэг дээр ачаалан адуугаа туун, морины хүүхдүүдээ дагуулаад л гарч өгнө. Уул усны сайхныг шилэн сонгож, хоноглож, тарлаж, морио хөлсөлж явсаар зорьсон газраа хүрнэ. Унаач хүүхдүүд ихэнхдээ уралдаж, барилдаж тоглоно.  Эрэгтэй хүүхдүүд голдуу болохоор нийлж сахилгагүйтэх нь их. Энд тэндхийн наадамд очиж, охидын морийг сүүлдэж, мориных нь цавь руу ташуураа хийн цочоож айлгаад зугтана. Томчуудын нүдийг хариулж сахилгагүйтээд баригдаж, таван салаа боов амсах нь олонтаа. Томчууд морины хүүхдүүдээ их хайрлана аа. Нэг нэгнийхээ морийг ч унуулахгүй. Занг нь мэдэхгүй морь хүүхэд гэмтээчихнэ гээд барагтай л бол хүний морины нуруун дээр гаргахгүй. Наршчихвий, хүйтэн бороонд даарчихвий гэж их л бөөцийлнө. Гэвч бакал голдуу гуталтай, шарваар голдуу өмдтэй, саарь голдуу арьстай өссөн хөдөөний хүүхдүүд ханиад хүрнэ ч гэж байхгүй шүү. 

Аав бид хоёр тав зургаан жил яг ингэж явсаар зуны гурван сарыг хээрээр гэр, хэцээр дэр хийж өнгөрүүлнэ. Ээж бид хоёрыг “хөгшин залуу хоёр нийлчихээд гэрийн ажил хийхгүй тэнээд” гэж үглэнэ. Аав бид хоёр тарваганы маханд дуртай болохоор хулсан ойн цоорхойд сайхан гуулин боодог хийнэ. Ээжээс нуугдаж явахгүй бол болохгүй. “За миний охин, хоёулаа хамт гарвал баригдана. Аав нь тэр даваан дээр гараад даллана, тэгэхээр араас ухасхийчихээрэй” гэнэ. Гэрийн хаяагаар аавыг хараад л хэвтчихнэ дээ. Аав морь мал, хонь, үхрээ харъя, эргүүлж тойруулъя гэж шалтаглаад гарна. Би ч ээжийн нүдийг хариулах, аавын даллахыг хүлээх ажилтай  гэрийн хаяагаар хараад хэвтчихнэ… Яваад очиход Банзар гуай аав хоёр хэдийнэ нэгийг унагачихаад сууж байна. Банзар гэж аавын маань найз, бас ангийн маханд нугасгүй. Би тэр хоёрт чулуу түүж өгдөг ажилтай. Ямар чулуу хэрэгтэйг нь ч андахгүй болчихсон. Тэр хоёртой зэрэгцээд гуулин боодог “гөвж” өгнө дөө. Банзар гуай “Энэ Гэрлээ эмэгтэй хүүхэд байж, тарваганы маханд ийм дуртай байх гэж. Эрэгтэй хүүхэд байсан бол ч аюулын эр болох байх шүү” гэх мөртөө “Та хоёр ч өнөөдөр Үдэлд алуулна даа” гэж цаашлуулна.  Аав хусны үйсэнд тарваганы жаахан мах, шөлтэй нь хийгээд боочихно. Хоёулаа уяан дээр буугаад шууд л нэг нь ус түлээ болж, нөгөө нь хонь малын хашаа руу зүглэнэ. Гэр дотроос ээж хэдийнэ мэдчихээд “Та муу хоёр яршиг шүү, зүгээр. Гэрийн ажил хийлцэхгүй” гээд л бууж гарна. Ээжийн дуртай юмыг урдаа барьсаар аавыг ороход, ээж үнэрээр нь л номхорчихно доо. Намар өвс хадлан, өвөлжөөний бууц, хашаа хороо янзлах, түлээ түлш базаах гээд бүхий л ажилд аавтайгаа хамт явна. Ээж “Охин хүүхдийн хуруу гар хачин болчихлоо. Нуруу нугасанд нь юм орчих вий. Эрэгтэй хүүхэдгүй байх ямар хэцүү юм бэ” гэх нь өр өвдмөөр. Хар багаасаа ажилд нухлагдлаа гээд муудсан юм л алга, одоо эргээд санахад. 

Сургуулиа төгсч 18 нас хүрээд хот руу сургуульд явахад аав минь “Би муу охиноо гадуур тэнээд байна, эрэгтэй хүүхдүүдтэй нийлээд байна, хичээл давтахгүй байна даа гэж дотроо бодоод байсан. Харин ч миний охин дээд сургуульд орчихлоо. Миний Гэрлээ ийм л ухаантай охин доо” гэж урам хайрласан. Гэрээсээ явах гэж байгаадаа биш ааваасаа хол байх болсондоо өмөлзсөн. Ээж маань аавд орос ногоон даавуугаар дээл хийгээд үлдсэнээр нь надад сургуульд явахад өмсүүлэх гэж дээл хийсэн байж. Аав бид хоёр ижилхэн улаан хоргой эмжээртэй, ногоон даавуу дээлээр гангарчихсан сумын төвд ирж, намайг хотын унаанд суулгаж өгч билээ.  Би аавын охин. Долоон бурхан шиг долоон охинтой мөртлөө аав маань надад л хамаг юмаа зориулдаг байлаа. Наймдугаар анги төгсдөг жилээ, сурлагаар эхний тавд бичигдчихээд Төмөр замын ТМС-ийн замчны ангийн хуваарийг багш захирал нараасаа зөрж байж авчихаад ээждээ толгойгоо эргэтэл загнуулчихаад уйлж суутал аав маань орж ирээд “За яахав. Миний охин өөрийнхөөрөө л шийд. Төмөр зам сайхан шүү. Аав нь төмөр замаас амьдралаа эхэлсэн юм. Муудаагүй ээ. Тэнд ээжтэй нь танилцаж, тэндээс л амьдралаа эхэлсэн юм. Яахав, цаашаа сураад дээд мэргэжил эзэмшиж болно шүү дээ” гэж хэлээд ээжийг бүр уурлуулчихав. “Хөгшин залуу хоёр тэнэг чинь дандаа ингэж байх юм. Ийм сурлага сайтай хүүхдийг ТМС-д оруулаад байхдаа яахав дээ. Ядаж техникумд ордог байгаа даа” гээд л бууж гарсан. Эцэстээ ээж дийлсэн л дээ. Би аравдугаар ангидаа үлдсэн юмдаг.  Төгсөх жилээ аймгийн төвд конкурсдлээ. Манай сумаас тавхан хүүхэд их, дээд сургуульд орсны ганцхан эмэгтэй хүүхэд нь би. Аав маань намайг Улсын багшийн их сургуульд орох хуваарь авч гэж дуулаад хонь төхөөрчихсөн хүлээж суусансан. Ханьтай болж, анхны хүүгээ төрүүлэхэд, хоёр дахь хүүгээ төрүүлэхэд аав минь л шинэ хонины шөлтэй намайг эргэж ирж билээ.  

Дээд сургуулийн оюутан болчихоод хаврын амралтаараа гэртээ очлоо. Аав маань намайг очиход хонь төхөөрөхгүй байна гэж үгүй. Сурсан зангаараа хэдийнэ хонь гаргасан байв. Би ч нэг их эрдэм ном сурч, ядарч зүдэрсэн хүн. “Хонины толгой шийр идье” гэж, ээж маань юу юугүй гал өрдлөө. Толгой шийр чанасан шөлөнд шар будаа хаяснаас нэг аягыг идчихлээ. Маргааш өглөө нь толгой хагарах нь ээ. Дотор муухайрч, бөөлжөөд боссонгүй. Аав маань дэргэд ирээд суучихсан хамрынхаа хөлсийг шударч, дүнсэн тамхинд шарласан мойног гараараа духыг минь илж “Ишш муу охин минь. Бүр ядаргаанд орчихож. Шар будаатай шөл шаранд нь хүрчихэж. Алив Үдэл ээ, давстай ус буцалгаарай” гэчихсэн сууж байсан.  Маргааш өглөө нь би гэж амьтан үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрлээ. Гар хуруунууд нэг л эвгүй оргиод байна. Тэгсэн будах санаатай арай гэж ургуулсан хумс маань алга болчихож. “Ээж ээ, миний хумс...” гэж хашгирах шахам хэлбэл аав маань хэнэг ч үгүй “Өө, аав нь авчихсан. Миний охин хичээл ном гээд хумсаа авах завгүй яваа юм болов уу гэж бодоод” гэдэг байгаа. Би “Та ямар тэнэг юм бэ” гэж уйлан дуугарч, тэр өдрөө аавтайгаа дуугараагүйсэн. Аав маань нэг жижигхэн хурц тонгорогтой. Тэрүүгээрээ гар, хөлийнхөө хумсыг сурмаг гэгч нь авчихдаг юм.  Аавыгаа хүнтэй муудалцахыг хараагүй, ээжтэй ширүүн харилцахыг нь ч мэдэхгүй юм. Хүүхдүүдээ эрхлүүлж сүйд болохгүй ч зодно гэж байхгүй. Дуугүй байж байж нэг л үг хэлнэ. “Сайн бод, юмыг эхлээд сайн бод. Худлаа ярьж, хулгай хийх нь хүн төрөлтний авир биш. Өөрийн биш юманд хэзээ ч битгий шуна” гэж захина. Аавыг минь амьтан хүн муулж байхыг сонссонгүй өдий хүрчээ. Аав маань тэнгэрийн орноо зориод 18 жил болжээ. Би аавыгаа амьд гэж төсөөлдөг. Намайг тэнгэрээс харж яваа гэж итгэдэг. Тиймдээ ч би аавынхаа нэрийг хугалахгүйг хичээдэг.  Ганцаардсан, зовсон, жаргасан үедээ би аавыгаа санадаг.  Нартай өдөр, харанхуй шөнө ч хамаагүй ийм үедээ би тэнгэр рүү харж “Хаан буурал аав минь...” гэж шивнэхэд л дотор минь уужрах шиг болдог юм. Бас толгойгоо өвдөхөд би уйлдаг. Өвдсөндөө биш аавыгаа санаад уйлдаг. “Аав минь байсан бол...” гэж бодоод л уйлчихдаг.  Аавыгаа бодох бүрт аньсага минь чийгтдэг. Наадмаар би морь л үздэг. Адууны хөлс яг л аавын минь үнэр шиг дотно санагддаг болоод тэр. Аньсага минь чийгтээд байна, аргагүй л аавын үнэртэй наадам айсуй. 

Б.Оюунгэрэл