ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Бөхбат: Тавьсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө дагуу хөдөлгөөнд оролцох ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Тэгвэл баяр наадмын өдрүүдэд автомашины зөвшөөрөл хэрхэн олгох болон зөвшөөрөл авсан машинаа хаана, хэрхэн байрлуулах талаар  ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. 

-Энэ жилийн баяр наадмаар автомашинтай наадамчдад зориулж хэдэн төрлийн зөвшөөрөл олгож байна вэ? 

-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DK, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт долоон төрлийн зөвшөөрөл олгож байна.

-Зөвшөөрөл авсан машинуудыг хаана хэрхэн байрлуулах талаар тодорхой тэмдэг, тэмдэглэгээ хийгдсэн үү. Урьд өмнөх жилүүдэд зөвхөн зөвшөөрөлтэй машин оруулна, оруулахгүй гэх мэтээр маргаан гардаг байсан? 

-Замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай газруудад байрлуулсан байгаа. Тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг сануулахыг хүсч байна. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангахад чиглүүлдэг. Энэ хүрээнд зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн. Тухайлбал, Г төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулж Энхтайваны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол байх юм. Хоёр дахь нь Хан-Уул, Баянзүрх дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан “Хурд” хорооллын зүүн талд байрлах “Суруга Монгол” ХХК-ийн зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан. Зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтад хүндрэл учруулж, зохиомол түгжрэл саатал бий болох шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

-Гарц хаах, чиглэл өөрчлөх зэрэг мэдээлэл өгөөгүйгээс жолооч нар хаасан зам руу орж ачаалал үүсгэдэг асуудал их гардаг. Зам хаах чиглэл тодорхой болсон уу? 

-“Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулж, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Мэдээж чиглэл өөрчлөх, хаах зэрэг зохицуулалт гарч таарна.  Баяр наадмын нээлт, хаалт болон  Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан шоу тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ. Баярын өдрүүдэд ФМ 100.1, 100.5, 88.8, 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ.

-Зөвшөөрөл авсан машинуудыг хаана байршуулах талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн зургадугаар давхрын авто зогсоолд машинаа байрлуулна. “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллахаар ярилцлаа. “Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Нийслэлийн гудамж буюу “Хурд” хорооллын зүүн талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн талбайд байрлуулна.  Харин “Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд зөвхөн Хүй долоон худаг явна. Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны өдөр 07:00-09:00 цагт “Соёолон” насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулна. Морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэсэн төлөвлөгөө гаргаад байна.