ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ТЭГ ЗОГСОЛТ" ХИЙХГҮЙ ГЭДГИЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЖ БАЙНА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-07

Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан.

Энэ дагуу тус шийдвэрийг нийслэлийн хэмжээнд мөрдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “Тэг зогсолт” хийх зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг албан ёсоор мэдэгджээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд тархаад буй “Тэг зогсолт” хийх асуудлаар холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд тодорхой тайлбар мэдээллүүдийг өгч ирсэн.

Албан бус, тодорхойгүй нэршлээр явж буй хөл хориог чангатгаж, хөдөлгөөнийг бүрэн зогсоох утга бүхий энэ ойлголт нь хоол хүнс, цахилгаан, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн хаах буюу иргэдийн анхдагч хэрэгцээг хязгаарлахуйц асуудлууд тул өнөөгийн нөхцөлд боломжгүй болохыг дахин онцолж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор шинжилгээ авах ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаатай 30 цэг ажиллаж байна.

Цаашид шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, халдварын голомтуудыг илрүүлэх, хумих чиглэлд авах арга хэмжээг эрчимжүүлнэ.

Мөн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийн үед аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч шийдвэр гаргаж байхыг нийт ард иргэддээ хандан уриалж байна.