ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН-ын дарга Т.Доржхандын мэдэгдэл бүлэглэлийн захиалга уу, эсвэл...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-19

ХҮН яаж байгуулагдав 

2016 оны сонгуулиас өмнөхөн буюу 2015 оны тавдугаар сарын 04-нд "Эв Монгол" хөдөлгөөн, "Реформ" клубын залуус нэгдэн ХҮН-ыг байгуулснаа зарлаж байлаа. Тус намыг удирдаж байсан С.Боргил “Хүн дээд үзлийг баримтлан хүнээ хайрлаж ажиллана” хэмээн намынхаа зорилгыг зарлаж байсан аж. Гадаад, дотоодод галуу шувууны мах идсэн өндөр боловсролтой залуусын нэгдэл хэмээн үнэлэх хэсэг байсан ч энэ намын зорилго чухам юу байж болох талаар ч тухайн үед маргаан өрнөж байв.

Товчхондоо САНХҮҮЖҮҮЛЭГЧ нь хэн бэ. Энэ асуултад хариулт олохын тулд хэвлэлийнхэн ч чамгүй эрэн сурвалжилснаар АН-ын лидерүүдийн нэг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард нь байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Учир нь тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Дашдоржийн дүү нь С.Боргил юм гэсэн мэдээлэл нийгэмд тарснаар энэ намын захиалагч, бас санхүүжүүлэгч нь Ц.Элбэгдорж ажээ гэсэн дүгнэлтэд хүрсэн хэрэг л дээ. Мөн “Эв Монгол” хөдөлгөөн ч экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй байсан учраас хоёр том сэжим нь холдуулах аргагүй холбочихсон хэрэг. Хожмоо С.Ганбаатарыг намдаа урьж залсан нь алдаа болж, үүрээ эвдүүлэх шалтгаан болсон учраас намаасаа хөөж, хоёр хуваагдан тамганы хэрүүл хийсээр 2016 оны шат, шатны сонгуульд нэг ч суудалгүй үлдэж байв.

Т.Доржхандын ялалт ямар үнэ цэнтэй вэ

ХҮН-ыг гаднаас нь харвал тун ч гял цал нам. МАН, АН шиг тэрбумтнууд цуглаагүй ч боловсролтой гэдгээр имиж бүрдүүлсэн залуус цугласан нь давуу тал байлаа. Гэлээ ч тэдэнд намын түвшинд үйл ажиллагаа явуулах мөнгө байгаагүй. Мөн цагийн эрхээр Ц.Элбэгдоржийн нөлөө багассан учраас хэнийг түших вэ, хэнд “үйлчлэх” вэ гэсэн асуулт ч дагаад урган гарсан нь тодорхой.

Тэгвэл 2016 оноос хойш ХҮН-ынхан МАН-тай ойрхон “найзлах” болсон юм. Анхнаасаа л санал хуваах зорилготой байгуулагдсан нам учраас ажлаа ч маш сайн гүйцэтгэсэн. Анхны сонгуулиас хойшхи  дөрвөн жилийн хугацаанд гарын 10 хуруунд багтах залуус л ХҮН-ын нүүр царай болж байлаа. Т.Доржханд, Б.Найдалаа, Т.Бат-Оргил, Б.Гантулга тэргүүтэй хэсэгхэн залуус идэвхтэй явсан. Ийн явсаар 2020 оны УИХ-ын сонгуулиар нэг суудал авсан нь Хан-Уулаас нэр дэвшсэн Т.Доржханд байв. Мөн НИТХ-ын сонгуульд 3 суудалтай болсноор сая л нэг юм улс төрийн тоглоомд том дуугарах эрхийг тэд олж авчээ. Учир мэдэх нэгэнд бол Т.Доржхандын урьдчилж таамаглаагүй ялалт ямар зорилго агуулсан нь тодорхой байж. Учир нь Т.Доржхандын ялалт намдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг авч ирсэн. Ингэснээр ХҮН дахиад л санал хуваах “даалгавар” авсан гэсэн үг.

Тоглоом одоо л эхэлж байна

ХҮН-тай холбоотой санхүүжүүлэгчийн асуудал яригдах бүрийд тэд “Бид бор зүрхээрээ улс төрд явж байгаа. Бидний ард ямар ч санхүүжүүлэгч байхгүй. Нэр цэвэр залуусын цаг үе ирсэн” хэмээн мэдэгддэг. Гэлээ ч үг, үйлдэл нь харин цаг ямагт зөрж байсныг энд эргэн сануулах нь илүүц биз ээ. ХҮН-аас гарсан хүн бүхэн энэ тухай ярьдаг учраас түр орхиё. Харин ХҮН-ын залуус одоо л улс төрийн тоглоомд орж ирцгээлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа яригдаж эхэлсэн даруйд тэд намын даргаа солих, УИХ-д суудалтай нэгнээ зүтгүүлэх, илүү хүчтэй мэт харагдах тоглолтоо эхлүүлсэн.

Хоёрхон хоногийн өмнө Б.Найдалаа намын даргын тамгаа Т.Доржхандад өгсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын хагалж буй С.Эрдэний баярын мэндчилгээтэй тамгаа гардсан Т.Доржханд ч нэг өдөр ч алдахыг хүссэнгүй.  АН-ыг хоёр хуваасан С.Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн баярын мэндчилгээтэй авсан тамга нь улс төрийн гоё соёл гэхээс илүү цаана нь хэн байгааг, цаад зорилго юу байсныг ил шулуухан харуулчихав уу гэж хардах шалтгаан болов. Түүнчлэн, хамгийн түрүүнд намын даргын хувиар хийсэн мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр бүхий хүмүүсийг өрсөлдүүлэхгүй байх тухай асуудал байсан нь ч нэгийг хэлэх аж. Тодруулбал, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ц.Элбэгдорж, Н.Багабанди, П.Очирбат нар дахин нэр дэвших боломжгүй учраас Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээлээ. Гэвч начир дээрээ түүний энэ мэдэгдэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг л дахин нэр дэвшүүлэхгүй гэж тэмцэлдэж буй нам дамжсан бүлэглэлийн “даалгавар” хэмээн олон нийт хардаж байна. Хардахаас ч аргагүй. Үндэслэл огт үгүй хэмээн үгүйсгэж болохгүй шалтаг шалтгаан ч олон учраас Т.Доржхандын тоглоом хэнийг онилсон нь тунчиг сонирхолтой байх нь ээ.

М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтний Х.Баттулгыг унагах гэсэн эрх ашгийн төлөө үйлчлэв үү, эсвэл эрх баригч намын төлөө Цэц рүү бичиг барьж гүйсэн үү гэдгийг цаг хугацаа тодруулах учиртай юм. Тэр цагт ХҮН үнэхээр бие даасан хүчирхэг нам болж чадсан уу, эсвэл нөгөөх л эрх мэдэлтэйд үйлчилдэг үү гэдэгт хариулт өгөх цаг гарч ирэх нь тодорхой юм. 2020 оны сонгуулиар олж авсан УИХ-ын 1, НИТХ-ын 3 суудлын хариу биш байгаасай.