ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Хүнлэг бус үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна

O.Admin
2021-01-20

Дөнгөж төрөөд удаагүй ковидоор өвдсөн нялх биетэй ээжийг нэгдүгээр төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ нимгэн халат, хөл нүцгэн таавчиктай нь гадаа гаргаж, эмнэлгийн хүйтэн машинаар тээвэрлэж байгаа дүр зураг сошиал орчинд цацагдлаа. Эрүүл мэндийн байгууллагын энэхүү харгис үйлдэл олон нийтийг бухимдуулж сошиал орчинд яг одоо ширүүн хэлэлцүүлэг өрнөж байна.
 

Тэгвэл УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар энэ хариуцлагагүй үйлдэлд уучлалт хүсэж, буруутныг ол хэмээн үүрэг өгсөн хэмээн нүүр номондоо бичжээ. Тэрбээр, "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний  ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. 

Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн  байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" хэмээлээ. Мөн яг одоо Эрүүл мэндийн сайд яаман дээрээ холбогдох эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохоор хуралдаж байна.