ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч  болно гэж бодож, ажлаа өгсөн гэж ойлгохгүй байгаа"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж буй гишүүдийн үгийг хүргэж байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Их л сонин юм болж байна. Өнөөдөр ярьж байгаа зүйл бол зөвхөн  мөсөн уулын оройг л ярьж байгаа юм. Би Ерөнхий сайд байсан хүн. Ерөнхий сайдын ажил хэцүү. Би нэг зүйлд нь харамсаад байна. Яагаад бууж өгч байгаа юм бэ Хүрэлсүх ээ. Би өөрийг чинь хоёр зүйл дээр маш их  дэмждэг. Тухайлбал,  шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг нь дэмждэг. Мөн  газрын баялгийг цөөхөн хүн  аваад баяжаад, таргалаад Монголд нь багтааж ядаад гадагшаа гаргаад оффшорт аваачсаны эсрэг  хийж байгаа тэмцлийг дэмждэг. Цаашид ч дэмжнэ. Гэхдээ энэ хүн өнөөдөр бууж өгч байна шүү дээ. Юун нялх биетэй эх, жагсаал цуглаан, Ерөнхийлөгч вэ.  Эд нар мөсөн уулын ил гарч байгаа хэсэг. Цаана нь хэлэхгүй байгаа юм байна. Би дахиад нэг зүйлд харамсаж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь  ийм байдалд орж байгаа нь  Монгол Улсад маш аюултай зүйл болж байна. Харамсаж байна. Оюутолгой, Эрдэнэт, оффшорын их мөнгө л байгаа байх. У.Хүрэлсүх Ерөнхий сайд аа. 2020 оны сонгуулиар Хүрэлсүх гэдэг хувь хүнийх нь тэмцэл нөлөөлж та нар 62 суудал авсан байх. Тэгээд одоо яахаараа Монголын ард түмнийг баахан хошгоруулж хошгоруулчихаад өнөөдөр яагаад гэнэт ийм юманд  бууж өгсөн бэ. Би арай өөрийг чинь М.Энхболд шиг Ерөнхийлөгч рүү явна гэж бодож,  ажлаа өгч байна гэж бодохгүй байна. Арай ч тэгэхээргүй хүн байгаа юм. Тэгэхээр өөр шалтаг, шалтгаан байна. Бид газрын баялгийн мөнгөнөөс болж, дуусч байна. Үүнийг өөрчлье, сайжруулъя, ард түмний  ахуй амжиргааг сайжруулъя гэсэн хүмүүсийг ингэж явуулдаг. Яагаад бууж өгөөд, хаачих гээд байгаа юм бэ. Ерөнхий сайд  аа. Ерөнхий сайд байх, жирийн гишүүн байх нь тэнгэр газар шиг ялгаатай.  Дахиад гадна, дотнынхны энэ их мөнгөнд Ерөнхий сайд нарыг ингэж алаад байдгаа болиулмаар байна. Би эцсийг нь хүртэл тэмцсэн шүү.