ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

“МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт, өлсгөлөнг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрөөс эхлүүлжээ.

Тэрбээр өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж  байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюутолгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа юм. Түүнчлэн 32 дахь Ерөнхий сайдад нэр тодроод буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнг зарлах аж.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна" гэсэн юм.