ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Перу улс руу 90 хоногийн хугацаанд визгүй зорчино

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-27

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр улс руу дипломат болон энгийн паспортаар 90 хоногийн хугацаанд визгүй зорчих асуудлыг хэлэлцэн шийджээ. Тодруулбал,  "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсан байна.

Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид 59 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 17 улсад, албан паспорт эзэмшигчид 53 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 12 улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

Харин "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.