ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

Гэрэл зургийг Г.Аргуужин

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах байх. Экспортын төмөр замын хөтөлбөр, газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг цуцлах асуудлыг ярьсан. Энэ ажил хэрэг болж чадах уу. Гэрээг зөв гольдролд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь барих вэ. Монголчууд эв эеийг хичээх түүхэн цаг үед ирээд байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Өмнөх Засгийн газарт хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Намын болон Засгийн газрын хөтөлбөрт ахалж ажилласан. Таван толгой төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нэн тэргүүний ажил байх болно. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюу толгойн хэлэлцээр амаргүй нөхцөлд ажиллаж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та 1980 онд төрсөн хүн. Өнөөдөр Ерөнхий сайд болох гээд явж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар юм байна. Манай Монголд таны үеийн залуус ийм карьертай биш байна. Таныг дэвшиж орж ирж байгаад гайхаж байна. Та огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга байсан. Алдаа гарахад таны оролцоо ч байсан. Та эргээд Ерөнхий сайдаар орж ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг болж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ, би 1980 онд төрсөн. Намайг хоёрдугаар ангид байхад Ардчилсан хувьсгал өрнөсөн. Тиймээс өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх. Та улс төр ярьж байх шиг байна. Тиймээс Дубайн гэрээг та Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүх завхарлыг арилгах гэж бид үнэхээр хичээсэн.