ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан нам АЛДААГАА давтахыг хүсэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-27

УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа “Манай намд булаацалдах зүйл байхгүй. Өөрийн гэсэн байр ч байдаггүй. Ганцхан тамгаа л булаалддаг юм” хэмээн чуулганы индрээс ярьж байна билээ. Өнгөцхөн харвал нээрээ ч АН-д одоогоор тамганаас өөр булаацалдах зүйл алга. Ардын нам шиг өргөө цагаан орд харш байхгүй. Хормой хотондоо шургуулж нуучихсан орд газар ч алга. 

 

...Лидерүүдийнхээ босгосон “Бодь” цамхаг, “Шонхор” таурын хаяа хатавчинд “нуугдаж”, дунд нь байгаа хоёр давхар цэнхэр байрныхаа талаар үе, үехэн хэрэлдэхээс өөрөөр АН-д гялтайх ч өмч хөрөнгө үлдээгүй юм билээ...

 

Гэсэн ч дарга нарынх нь шургуулга дамжиж буй цор ганц тамга нь лиценз, орд газраа булаацалдсан МАН-ын зодооноос ч илүүтэйгээр намаа муухай харагдуулж, бас булшилж байх ажээ. Товчхондоо, Ардын намын тэмцэл хоёр даргын, эс бөгөөс хорин хүний дунд өрнөдөг бол АН-ын зодоон нь дээд, доод, дунд шат руугаа хальж, эгэл жирийн гишүүд байтугай эхнэр нөхөр салж сарних хүртлээ хүндэрчихдэг гэмтэй. Бүлэглэл, фракцийн улс төр нь намтайгаа нас чацуу учраас дээд зодоон нь доошоо халдварлаж, дэргэдэх нөхрөө хардах үндэслэл болчихдог ажээ. Цаг хугацааг ухраавал, 2016 онд яг л ийм сонголт, улс төрийн шийдвэрийн өмнө АН-ынхан ирж байж. Тухайлбал, УИХ-ын сонгуульд намаа удирдаж орсон АН-ын дарга З.Энхболд сонгуульд ялагдал хүлээж, парламентад ердөө 9-хөн суудал авсан билээ. Тоглоомыг гартаа авах боломж өөрт нь байсаар байхад л сонгуулийн өмнөхөн хуулиа өөрчилж самарсны горыг АН-ын мянга, мянган гишүүд үүрч, хуйгаараа “лааз өшиглөсөн” гашуун түүхтэй. Намын дүрэмд заасан ёсоор З.Энхболд дарга хариуцлагаа хүлээж, тухайн үед нэр хүндтэй улстөрч болох Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад тамгаа өгөөд гарч одсон юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат лидерүүд нь бүгд орхиж одсон намыг чирч гулдарч явсаар Орон нутгийн сонгуульд авч орсноор овоо хэдэн суудал авч байлаа. Шат, шатны сонгуулийн ялагдлын дараа АН-ынхан дахиад л намынхаа дүрэмд хамаг буруугаа тохож, ер нь даргаа бүх гишүүдийнхээ саналаар томилъё хэмээгээд багцалсан сум барьсаар орон нутаг руу давхиж билээ. Гэвч тэрхүү шийдвэр нь амжилт авчраагүй.

Фракци фракцийн дарга, эсвэл төлөөлөл нь давхиж очоод намынхаа жирийн гишүүдийг дахиад л хуваачихсан. С.Эрдэнэ /Шонхор/, Д.Эрдэнэбат /МҮДН/, Н.Алтанхуяг /Алтангадас/, Лу.Гантөмөр /Нэг үе-Ардчилал/, Ж.Батзандан /МоАХ/ гэсэн таван хүнээс аль нэгийг нь дэмжихийн тулд жижиг сум, аймагт байгаа АН-ын 1000 гишүүн тав хуваагдахаас өөр сонголтгүй болжээ.

 

...Н.Алтанхуягийг дэмжчихвэл албан тушаалтайгаа үлдчих болов уу, аль эсвэл С.Эрдэнийг дэмжих үү хэмээн талцаж хуваагдсан гишүүд нь дотооддоо зодолдож, юу эсийг хийсэн билээ дээ. Өөр намын өрсөлдөгчтэй үзэлцэж буй аятай фракцийн тэргүүнээ ялуулахын тулд гэмгүй гишүүнтэйгээ хүртэл гэмтэн мэт харьцаж, дотооддоо хагаралдсан...

 

Харин сум барьсан таван нөхөр юу ч болоогүй мэт тэднийг зөрчил, зодоонтой нь орхичхоод тус, тусын улс төрөө хөөгөөд явчихсан нь худлаа биш. Намын нийт гишүүдийн саналаар томилогдсон гэх С.Эрдэнэ ч намын дарга болсныхоо дараа уур амьсгалыг эерүүлэх талаар юу ч хийгээгүй. Ингээд л фракцийн улс төр нь намаа, намын гишүүдээ дотроос нь “идэж”, эрх мэдлийн төлөөх ах нарын зодоонд залуус нь чирэгдэж, эгэл жирийн гишүүд нь сэтгэлийн шархаа эдгээж чадахгүй явсаар 2020 оны сонгуультай золгосон байдаг. Намын дүрмээ өөрчилж байна гэсэн шалтгаантай бүсийн уулзалт зохион байгуулж, гишүүдээ архидуулж, найрлуулсан ч тэдний дотор нуугдсан гомдол, тунирхлыг арилгаж чадаагүй нь үнэн. “Алтан шахай өмсөвч алцан майга нь хэвээр” гэгчээр Ардчилсан нам фракцийн улс төрөөс ангижирсан хэмээн мянга, түм хашгираад ч багцалсан таван сум нь жирийн гишүүдийнх нь зүрхийг нэвт сүлбэчихсэн хэвээр л байлаа.

АН-ын дарга С.Эрдэнэ энэ хэвээр цаашаа явж болохгүйг сонгуулийн өмнөхөн ухаарч фракци, фракцийн төлөөлөлд Генсек, Дэд дарга, Нарийн бичгийн даргын албан тушаал өгсөн ч дэндүү хожимдсон байжээ. Сэтгэлийн шархтай, фракцийн зөрчилтэй, эвлэлдэж чадахгүй сонгуульд орсны горыг дахиад л хуйгаараа хүртэж, хоёр дахь удаагаа “лааз” өшиглөцгөөв. Энэ бүхний дараа С.Эрдэнэ хариуцлагаас яг л өмнөх дарга З.Энхболд шиг зугтсан. Намынхаа дүрэмд заагаагүй улс төрийн тоглолт хийж, үүрэг гүйцэтгэгч томилчхоод өөрөө бушуухан нуугдахыг хүссэн. Товчхондоо, Баяраа өөрөө ширээнээс унасан.

Өмгөөлөх дарга, өмөлзөх удирдагчтай үгүйгээ ч мэдэхгүй намын жирийн гишүүд нь дахиад л дэмий бужигнасаар, үүрэг гүйцэтгэгч даргатай Орон нутгийн сонгуульд орж хүртэх ёстойгоо хүртэцгээв. Хувь заяанд нь даатгаад хаяж одсон С.Эрдэнэ харин Орон нутгийн сонгуулийн дараа гэнэтхэн л “Шонхор” таурын өрөөнөөсөө цухуйснаа “Энэ чинь миний нам. Эзэн нь би байна. Миний тамгыг та нар авах эрхгүй” хэмээн “орилж” эхлэх нь тэр. Дээд, доод танхимтай хэмээн шоглуулсаар тамгаа булаалдан шүүхдэлцэв. Дотоодын хэрүүлээ өөрсдөө зохицуул хэмээн шүүх шийдвэр гаргасны дараа ээлж дараалан ҮБХоо цахимаар хуралдуулж, нэг нэгийгээ намаасаа хөөж хөгөө хөлдөө чирлээ. Ц.Туваантай нам нь жинхэнэ үү, эсвэл С.Эрдэнэтэй нам нь ориг уу гэдгийг ялгаж салгахаа больсон гишүүд нь дахиад л эргэлзээтэй байдалд орж, бие биенээ хардаж, сэрэмжилж эхэлжээ. “Энэ яг Ц.Тувааны хүн байх аа. Эсвэл С.Эрдэнэтэй ойрхон юм билээ” гэсэн хардалт дунд хаачихаа мэдэхгүй гацав.

 

..Эцэстээ хоёр талын АН-ынхан ямар шийдэлд хүрэх вэ гэхээр, “Ерөөсөө намын даргаа нийт гишүүдийнхээ саналаар томилох нь шударга юм байна” гэсэн шийдвэр гаргах бололтой. Дээд шүүх ч тийм чиглэл өгчихсөн юм билээ. Дахиад л “сумтай” таван нөхөр гарч давхих нь. Эсвэл цахимаар хурлаа зарлаж, таван газраас лайвдах юм байна гэж ойлгогдож байна...

 

Дахиад л энэ намд фракцийн тэргүүнээ дэмжсэн зөрчил, зодоон эхэлнэ. Өмнөх алдаагаа эргэж давтсан, өөрийнхөө намын гишүүдийг хагаралдуулсан улс төр өрнөнө гэсэн үг. Ашиг хонжоо, эрх мэдлийн төлөөх тулаан нь эцэс төгсгөлгүй өрнөж, хэмлэлдэх сууриа бэлдэж эхэллээ. Начир дээрээ ганцхан тамганы төлөөх зодоон мэт боловч үнэт зүйл, үзэл бодлоо нулимсан, хамгийн чухал нь жирийн гишүүдийнхээ дэмжлэг, урмыг нухчин дарсан алдаагаа Ардчилсан нам давтахыг хүсэж байна. Хүний, өөрийн лидерүүдийн тоглоомын золиос болж туйлдсан гишүүд нь харин энэ бүхний дараа намаа, сонголтоо солихыг хүсдэг нь худлаа биш. Үр дүн нь дөрвөн сонгуулийн ялагдлаар харагдчихлаа шүү дээ. Эл байдлаараа тав дахь сонгуульдаа ч ялагдах нь тодорхой биз. Өнөөх л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал гэсэн хэдхэн даргыгаа дагаж хуваагдсан гишүүдийнх нь зөрчил, зодоон эхэлнэ.

 

...“Энэ яг Ц.Тувааны хүн байх аа. Эсвэл С.Эрдэнэтэй ойрхон юм билээ” гэсэн хардалт дунд хаачихаа мэдэхгүй гацав. Эцэстээ хоёр талын АН-ынхан ямар шийдэлд хүрэх вэ гэхээр, “Ерөөсөө намын даргаа нийт гишүүдийнхээ саналаар томилох нь шударга юм байна” гэсэн шийдвэр гаргах бололтой...

 

Аль нэг лидер нь товойж харагдвал дагаж “хийсдэг” АН-ын залуусын үзэл бодол ч нийгэмд хүчтэй байж чадахгүйд хүрснийг та бид харж байгаа. Төв талбайд ч, Төрийн ордонд ч АН-ын гишүүд шиг үнэ цэнэгүй хүмүүс байхгүйг та бид харлаа. Ардчилал арай ч ийм болтлоо туйлдаж байгаагүй юм шүү. Эрх чөлөөний дуу хоолой байсан Ардчилсан нам тамганы зодооноосоо болж хүчгүйдэж, бас үнэ хүндээ баржээ. Жирийн нэг поп улстөрчөөс ч илүү жинтэй дуугарах хүн энэ намд үлдээгүй гэдэгт хэн ч итгэхгүй. Харин тийм болгож харагдуулахыг хүсэгчдэд намын нэр барьсан хэсэг бүлэг бэлэн хоол бэлдэж өгсөөр байгаа.

Хүний намын зодооныг харж “алгаа таших” атлаа өөрийн тогоо руугаа өнгийж чадахгүй явсаар АН-ынхан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгов. Цаашдаа энэ хэвээр явах уу. Нэгнээ ээлжлэн хөөж, нийтээрээ шившиг болсоор л байх уу. Сөрөг хүчний дуу хоолойг тод илэрхийлж, ардчилал, эрх чөлөөний бамбай болох учиртай АРДЧИЛСАН НАМ тамганы зодооноо дуусгаж чадахгүй л бол АН-ын залуу гишүүн Ц.Жадамбаагийн хэлсэнчлэн “Өөрийнхөө гэр лүү боргодог уяаны нохой” төдий болох вий дээ. Ардчилал алдаагаа давтаж хэрхэвч болохгүй. Эгэл гишүүдийнхээ сэтгэлийн шархыг сэдрээж, дахиад фракциар нь хувааж огтхон ч болохгүй. Тиймээс залуус нь дуугар, зарчмын шаардлага тавь. Намаа ялагдуулчхаад хундага викси бариад зугтсан нэгэнд боломж битгий олго. Булан тохойд нуугдаж, “Бодь”, “Шонхор” хоёрлуу харж санаа алдах бус гудамжнаас ч болтугай үгээ хэлцгээ. Төв талбайд суугаад нийгмийг өөрчилж байсан үнэт зүйл, үзэл бодол чинь хэвээр байдаг юм бол үгээрээ, үйлдлээрээ ардчиллаа аварч үлдэцгээ.