ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Тэмүүлэн: Импортын ШАТАХУУНЫ үнэд тэнцэх мөнгөөр үйлдвэр барьж байгаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-28

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн эдийн засагтай холбоотой олон эргэлзээтэй асуудал бий. Манайхан санхүүгийн механизм дээр үргэлж алддаг. Оюутолгойд ч ялгаагүй 34 хувийг авсан гэх санхүүгийн маргаан явж байгаа. Зөвхөн нэг жилийн дотор санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрсөн байна. Мөн 1.2 тэрбум долларыг 1.75 хувиар 2025 оноос үндсэн зээлээ төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ. Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэр тэрбум 236 сая ам.доллараар барьж байгаа. Зээлийн хүү нь 1.75 хугацаа нь 25 жил. Санхүүжилт хийсэн өдрөөс хойш долоон жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Ямар ч тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна.

Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын импортын түлш хэрэглэдэг. Үүний дийлэнхийг нь ОХУ-аас авдаг. Гэтэл жилийн импортын бензиний үнэд тэнцэх хэмжээний дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа гэдгийг төсөөлж үзээрэй. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой үйлдвэр юм. Түүхий түлшний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах үүднээс өөрсдийн гэсэн орд газартай болох асуудлыг хуульд тусгасан шүү дээ.