ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ээлжит бус чуулган зарлах хүсэлтээ хүргүүллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-10

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах талаар хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол төрийн бодлого Үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Баяр наадам болж байгаа ч гэсэн 60 тэрбумын асуудал олон нийтийн анхаарлаас гарч болохгүй юм. Тиймээс өнөөдөр мэдээлэл хийж байна. Та бүхнээс хүлцэл өчье. Өмнө нь бид зургадугаар сарын 28-ны өдөр нийтийн сонсгол хийх бичгээ хуулийн дагуу өргөн барьсан. Гэвч Хуульзүйн байнгын хороо цохогдож очсон гэдэг байдлаар бүдгэрч байна. 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд заавал нээлттэй сонсгол хийх хуультай. Яахав АТГ нь томилдог хүнээ хамгаалаад үлдэж байх шиг байна. Гэтэл Хуульзүйн байнгын хороо бол ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөллөөс бүрддэг.

Гэтэл УИХ-ын субьект нь хүртэл шударга ёсны өмнө ингэж бүдгэрч байгаад харамсалтай байна.  Хуульзүйн байнгын хороог баяр наадмын өмнөх өдөр хүртэл хүлээнэ гэдгээ хэлсэн. 11. 00 цаг хүртэл хүлээсэн ч ирсэнгүй. Тиймээс хуульд заасны дагуу 25 гишүүн гарын үсгээ зурсан ээлжит бус чуулган зарлах хүсэлтээ УИХ-ын даргад өгч байна. 60 тэрбум, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэтээр олон хууль бус асуудлаар мэдээлэл өгөх байх. АТГ-ын дарга ч тайлбараа хийх ёстой. Х.Энхжаргал дарга авлигын хэргийг нуун дарагдуулж байна уу гэж үзэж байгаа. УИХ-ын тухай хуульд нийт гишүүдийн 3/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах ёстой. Тэр ёсоор ч хуралдах байх гэж бодож байна” гэв.

Харин Хуульзүйн байнгын хороо нээлттэй сонсгол хийх хууль эрхзүйн орчин байхгүй гэх тайлбар өгсөн асуудалд “Дэлхий дахинд нээлттэй сонсголыг олон зүйлээр хийдэг. Манайд л шинэ байгаа юм. Гэмт хэргийг шууд шүүн таслахгүйгээр парламент дээр хэвлэл болон бусад гэрчийн өмнө үнэн үү, худлаа юу гэдгийг сонсдог. Гурван цагийн бичлэгийг М.Энхболд дарга эвлүүлэг гэж хэлсэн. Үнэхээр эвлүүлэг мөн үү гэдгийг л нийт парламентын гишүүдийн өмнө асуух юм. Худлаа хэлсэн бол уучлалт гуйж болно. Худлаа бол түүнийгээ л хэлэх ёстой” гэсэн юм. Үндсэн хуульд заасны дагуу хуулийн хүрээнд 14 хоногийн хугацаанд чуулганыг зарлах ёстой бөгөөд хуулиас давсан шийдвэр гаргаж болохгүй гэв. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал хөндөгдсөн учраас Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүсэлт хүргүүлж, мөн намын дэргэдэх Ёс зүйн хороонд хүргүүлж, 60 тэрбумын асуудлаар нээлттэй утас ажиллуулж эхэлжээ. Улмаар, 60 тэрбумтай холбоотой байж болзошгүй мэдээлэл ирсэн учраас түүнийг прокурорт хүргүүлэхээр болжээ.

Б.Тогтох