ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бичлэгээр улс төр хийж, бусдын амьдралыг булшилж ханаагүй юм уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-23

Өнгөрөгч нэгдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Parkview хотхонд нэр бүхий шүүгч нар буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Улсын дээд шүүхийн Тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, хуульч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар хөл хорионы үеэр нэгнийдээ цуглан архидаж, мөн бүсгүйчүүдтэй секс үдэшлэг зохион байгуулсан гэх бичлэг тарсан. Энэ бичлэг дээр шүүгч нарыг нэр овогтой нь сум заан тод харуулж, мөн хамт байсан эмэгтэйчүүдийн дүрсийг ч маш тод гаргасан увайгүй үйлдлийн дараа нэг бүсгүй нь амиа хорлохоор завдаж, цөөнгүй гэр бүл салж сарнихад хүрээд байгаа юм. Тус бичлэгт байсан Б.Баасанцогт “Энэ бол найзуудын уулзалт байсан. Бид багаасаа найзалсан найзууд юм. Нэг бүсгүй нь манай найзын хамтран амьдрагч. Би ҮАБЗ-д ажилладаггүй” хэмээн мэдэгдсэн ч хэвлэлийнхэн үүнийг зориуд захиалгатай сэвж, цаашлаад Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатуулан улс төрийн өнцөгтэй болгож эхлэв.

Энд нэг зүйлийг зориуд онцолж хэлье. Хөл хориотой цаг үе, улс орон даяар өндөржүүлэн бэлэн байдалтай байхад айл хэсэж архидан согтуурсан шүүгч нарын үйлдлийг зөвтгөх гэсэнгүй. Гэвч сэтгүүлзүй болон сэтгүүлч бидэнд хэсэг залуустай хамт айлд орсных нь төлөө бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч хэмээн цоллож, бүр цагдаагийн албан хаагчид нь гарч ирээд “Дансанд нь мөнгө орсон байна лээ” хэмээн нотлох шаардлагатай юу гэдгийг ярихгүй өнгөрч болохгүй учраас хөндөж байгаа юм.

Хүн байтугай нохойнд хүртэл эрх байдаг ардчилсан чөлөөт нийгэмд биеэ үнэлэгч бол нийгмийн шаар шавхруу хэмээн яллаж, дэргэд нь суугаагүй атлаа сургаар зарлаж, дансанд орсон мөнгөөр нь нотлох баримт болгон хэсэг бүлгийг гадуурхана гэдэг хүний эрхийн талаасаа, хүнлэг байх талаасаа ч хамгийн муухай жигшмээр үйлдэл болов. Хэрвээ тэр шүүгч нар мөнгө шилжүүлэхдээ "Биеэ үнэлсний төлбөр" хэмээн бичээгүй л бол Цагдаагийн байгууллага үүнийг зарлах шалтгаан байхгүй юм шүү. Арай хэтэрч байна, Б.Баатархүү дарга аа. Хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг гэх Монгол Улс дэлхий дахины өмнө шившиг болох үйлдлийг гаргаж, үүнийг нь хэсэгхэн сэтгүүлчид санаатай дэвэргэлээ. Тэр ч байтугай нэг хэргийг шалгаж байна хэмээн нэг, хоёр сараар гацаадаг цагдаагийн байгууллага нь СӨХ-ийн бичлэгт үндэслэн хэрэг үүсгэж, амралтын өдрөөр эдгээр шүүгч нарт хэрэг үүсгэсэн нь улс төрийн зорилгоор явуулсан гүйцэтгэх ажиллагаа байв уу гэсэн хардлагыг төрүүлж байв. Мөн зургаан сараар эрхийг нь хасна гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл тоглоомноос гаргах гэсэн үйлдэл бололтой юм. 

Тэгвэл энэ таамгийг өнөөдөр өглөө болсон “Нэхүүл” хөдөлгөөний залуусын Төв талбайд хийсэн жагсаал болон сошиал орчинд бичиж буй тролл ажиллагаа, мэдээллийн сайтуудад нэгэн зэрэг өгсөн мэдээ зэрэг нь нотолж,  улс төрийн шалтгаантай гүйцэтгэх ажиллагаа байсныг харуулав. “Нэхүүл” хөдөлгөөнийг монголчууд УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах улс төрийн тэмцлийн үеэр мэдэх болсон.

Тиймээс шүүгч нарын бичлэг зориуд цацагдаагүй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрсан “МАНАН” бүлэглэл, МАН-ын ээлжит нэг дайралт байсныг олон нийт гадарлаж эхлэх нь тэр. “Эдгээр шүүгч нар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар ажилладаг хүмүүс. Тиймээс Ерөнхийлөгч огцор. Х.Баттулгыг зайлуулъя” гэсэн мессеж бүх түвшинд ижил очиж байна. Угтаа хөгжмийг хэн захиалсан нь тайзан дээр ил болчихлоо.

Гүйцэтгэх ажиллагаанд орсон Х.Идэр, З.Болдбаатар нарын тухайд томоохон хэргүүдэд ял төлөвлөж байсан шүүгч нар юм билээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарын хэргийг шүүж байсан бөгөөд “МАНАН” бүлэглэлийнхний хорхойтой араанд зуугдсан учраас ийнхүү гүйцэтгэх ажиллагаанд оржээ. Энэхүү бичлэгийн дараа эдгээр таван залуу нийгмээр яллуулаад өнгөрөхгүй билээ. Улс төрийн хийрхэл, бичлэг дэлгэж нэгнээ шантаажилдаг үйлдлээс болж хэчнээн хүүхэд, хэчнээн гэр бүл, хэдэн эмэгтэй амьдын тамд амьдарч болохыг бид яагаад ярихгүй байна вэ.

Биеэ үнэлэгч хэмээн цоллуулж буй эдгээр бүсгүйчүүд цаашдаа яаж амьдрах вэ. Бид яагаад өнөөдрийн эрх ашгийнхаа төлөө бусдын амьдралыг юу ч үгүй няцалж, дэвсэлж түүнээсээ таашаал авсаар байна вэ. Бодлого биш бичлэг ялдаг болсон ийм цагт хууль бус гүйцэтгэх ажиллагаа явагдсаар байгааг хэн ч ярихгүй байгаа нь өөрөө эмгэнэл юм.

Нөгөөтээгүүр, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаална хэмээн төлбөр авч буй СӨХ яагаад оршин суугчдынхаа бичлэгийг улс төрийн зорилгоор зарж борлуулав гэдэг асуудлыг ярих ёстой. Энд хүний эрхийн тухай хөндөж буйг уншигч та ойлгосон байх. “Parkview хотхоны оршин суугчид энэ үйлдлийнх нь төлөө СӨХ-оо шүүхэд өгөх учиртай. Өнөөдөр биш юм гэхэд маргааш ч уншигч таны бичлэгийг гаргаж ирээд ууж идсэн, унтаж хэвтсэн хэмээн гүтгэх юу ч биш болжээ, өнөөгийн нийгэмд.

Хэрвээ СӨХ биш юм бол Тагнуулын байгууллага хаа таарсан орон сууцны давхарт хууль бусаар камер байрлуулж, гүйцэтгэх ажиллагаа явуулах хуультай юу. Үүнийг Хуульзүйн сайд Х.Нямбаатар анхаарна гэж найдъя. Учир нь СӨХ-ны камерын бичлэгээр өөрийг нь мөн нууц амрагтайгаа уулзсан хэмээн гүтгэсэн үйлдэл сонгуулийн үеэр гарч байсан удаатай билээ.

Тиймээс хаа хамаагүй, эх захгүй, хяналтгүй явж буй хууль бус гүйцэтгэх ажиллагааг цэгцлэх цаг ирсэн байна. Тагнах чагнах, бичих, гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулиа эргэн харж, цэгцлэх цаг нь болжээ. Эс тэгвээс орц болгоны үүдэнд камер байх шаардлагатай юу гэдэг асуудал ч яригдах нь, энэ байдлаараа. Хүний эрхийн хамгийн бүдүүлэг кейсийг бид энэ бичлэгээр харуулав.

Өрсөлдөгчөө намнахын тулд хэрхэн увайгүй байж болохыг бас харлаа. Нэг хүнийг унагахын төлөө нэлээд олон гэр бүлээр наадаж, нийгмээр яллуулж, нэлээдгүй олон хүүхдийг сэтгэлзүйн дарамтад орууллаа. Цаашдаа амьдрах олон бүсгүйн хувь тавилангаар зугаацлаа. Ханаагүй хэрэг үү. Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдсон гэх бүсгүй, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй уулзсан гэх бүсгүй, эдгээр шүүгч нартай холбогдсон бүсгүйчүүд гээд амьдралаар нь зугаацчхаад юу ч болоогүй мэт цааш явдаг баймааргүй. Бид хангалттай их бичлэгээр зугаацлаа, бусдын карьер, амьдралыг булшиллаа. Одоо бодлого ярьж эрүүлээр өрсөлдөж болдоггүй юм уу, улстөрчид өө. Хүний эрхийг хэдий болтол уландаа гишгэж, хөгийн улс төр хийх вэ.