ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН, МАХН-ын нэгдэл Э.Батшугарын “ҮНЭТЭЙ”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-24

Хэдхэн өдрийн өмнөхөн МАН, МАХН хоёр нэгдэх нь хэн ашигтай вэ хэмээн асуудал хөндөхөд олон ч хүн “Түүн шиг худлаа зүйл байхгүй. МАН, МАХН хоёр хэзээ ч нэгдэхгүй” хэмээн үгүйсгэж байв. Гэвч цаст уулын цагаан арслан явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр цагаа ирэхэд шоргоолжинд бариулж, хөөгдөж гарсан намдаа эргэж ирэх нь тодорхой болов. “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн эргэлзэж байсан хүмүүс өчигдөр олон нийтэд хүрсэн “Ам нээвэл” ярилцлагаас МАН, МАХН хоёр эргэж нэгдэх нь тодорхой болсныг ойлгосон байх аа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр уг ярилцлагынхаа үеэр “Нэг угшилтай хоёр нам үзэл бодлын хувьд зүүн төвийн гэдгээрээ адил боловч зарчмын хэд хэдэн асуудал дээр зөрөлдөж, зам салсан юм. Сүүлийн үeд МАН-ын удирдлагуудын зүгээс Оюутолгойн гэрээ буруу байсан, Дубайн гэрээг цуцлах ёстой, МАНАН сүлжээтэй тэмцэх гэхчлэн байр суурийг илэрхийлэх болсон. Өөрөөр хэлбэл хоёр намын зам салсан үзэл бодлын зөрүү арилж эхэллээ. Тиймээс 100 жилийн ойгоор МАН, МАХН нэгдэх эсэх асуудлыг хоёр намын жирийн гишүүдийн дунд тус тусад нь санал асуулга явуулаад шийдэх уриалгыг гаргаж байна. Нам бол дарга нарын хувийн компани биш учир Н.Энхбаяр, У. Хүрэлсүх хоёрын дангаараа шийдчих асуудал биш. Цаашид бидэнд сандал суудал хуваалцах биш, том зорилгын төлөө хамтарч ажиллах шаардлага байгаа” хэмээн ярьжээ.

Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй МАХН-ын удирдлагууд уулзах үеэр ч олон эрх ашгаар нэгдсэн учраас эргэж нэгдэх, нэг зарчмаар урагшлахад гэмгүй гэх санаа цухалзуулсан нь энэ бүхний бэлтгэл байжээ.

МАХН-д гишүүн гэх зүйл бараг л байхгүй. Дарга төвтэй нам учраас МАХН-ын жирийн гишүүн гэхээс илүүтэй Н.Энхбаярын таашаалаар энэ бүхэн шийдэгдэх нь тодорхой билээ. Харин МАН-ын гишүүдийн тухайд нам нь хүчирхэгжиж, байр сууриа бататгаж байх тусмаа сайн мэдээ учраас Н.Энхбаяр ба түүний тойрон хүрээлэгч нар хэрэггүй гэж санал өгөх хүн байхгүй биз. Тиймдээ ч ирэх сард болох МАН-ын 100 жилийн ойн хамгийн том бэлэг нь МАН, МАХН-ын нэгдэл байх нь ээ.

“Э.Батшугар СХД-д МАН-ын нэрээр өрсөлдөх ёстой”

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр одоо улс төрийн рингэн дээр харьж яваа тамирчин болсон. 2016 оноос хойш хэд, хэдэн шатны сонгуульд өвдөг шороодож, урагшлах боломжгүй болсноо ч ухаарсан байх. Намд нь байсан гайгүй мөнгөтэй залуус ч ялалт авдаггүй намаас гарч одсон. Нэг үгээр хэлбэл Н.Энхбаярын халаас хоосорсон. Тиймдээ ч өөрийнхөө улс төрийн карьерийг дуусгаж, өсгөж өндийлгөсөн хүүгээ харин том намын  хүч дэмжлэгээр рингэн дээр гаргаж ирэхээс өөр аргагүйд хүрчээ. Э.Батшугарын тухайд 2012 оноос эхлэн шат, шатны сонгуульд өвдөг шороодсон. Бараг л таван сонгуульд өвдөг шороодсон болов уу.

Дан ганц аавын нөмөр нөөлөг, унаж буй нэр хүндээр улс төрд “гол тоглогч” болж чадахгүй гэдгээ ч мэдэрсэн биз. Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөс өөр гавьяатай алба эрхэлж үзээгүй хүүгийнхээ замыг засах боломж нь өсгөж өндийлгөж, өнөөдрийг хүртэл бөөцийлсөн МАХН-ыгаа МАН-д “худалдах” явдал байв.

МАХН-ын 10 жилийн улс төрийн замнал Э.Батшугарын гишүүний суудлын үнэтэй байжээ. Э.Батшугар ирэх зургадугаар сард болох Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-ын нэрээр дэвших ёстой гэсэн шахалтыг Н.Энхбаяр хийж буйг эх сурвалж дуулгалаа. Н.Энхбаяр ч гэж дээ. Энэ бүх тохироог түүний гэргий, Э.Батшугарын ээж О.Цолмон хийсэн гэлцдэг. Мөн Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ зэрэг өөрийнх нь үнэнч албатуудад яам, агентлагийн дарга, Дэд сайдын суудал өгөх ёстой гэсэн эрх ашгийг ч мөн тулгасан гэх. 100 жилийн түүхэн ойн жилдээ Ерөнхийлөгчтэй байхыг туйлаас хүсэж буй МАН-д энэ зэргийн тохироо юу ч биш. Төрийн бүх шатанд эрх мэдлээ тогтоочихсон учраас МАХН-ыг тойрсон 10-20 хүнд дөрвөн жилийн хугацаанд албан тушаал өгчих чадалтай гэдгээ ч генсек Д.Амарбаясгалан тооцож суугаа юм.

С.Ганбаатар хаашаа явах вэ

МАХН-ыг энэ хэмжээнд “биеэ үнэлэх” үнэтэй болгож чадсан хүмүүс бол О.Баасанхүү, С.Ганбаатар нар. 2016 онд хуйгаараа "арчуулахад" О.Баасанхүү л ганцаараа Орхон аймгаас ялалт байгуулан, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мандат авч байлаа. Гэвч замын дундаас эрх ашиг салцгааж, О.Баасанхүү нь С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын нөмөрт нуугдаж сууна. Харин 2020 оны сонгуулиар С.Ганбаатар ялалт байгуулж, МАХН-д нэг суудал авчирсан. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх гэсэн үг.

Гэвч энэ суудлыг нь Н.Энхбаяр үнэгүйдүүлж, хүүгийнхээ албан тушаал нэр хүндээр арилжаалах нь тодорхой болов. Угтаа С.Ганбаатар дахиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл У.Хүрэлсүхийн саналаас “зулгааж” эсрэгээрээ Х.Баттулгад боломж гарч ирнэ. Тиймээс ямар ч хамаагүй үнээр МАХН-ыг өөртөө урвуулж, С.Ганбаатарыг тоглоомноос гаргах нь тэдэнд чухал.

2017 оны сонгуулийн алдааг давтахгүйн тулд Н.Энхбаярын намыг парламентад суудалгүй болгох нь чухал. Тэд ч санасандаа хүрснийг Н.Энхбаярын энэхүү ярилцлага нотолж байх шиг. Одоо С.Ганбаатар хаачих вэ. Тэр бие даагч болох уу, эсвэл Ардчилсан нам руу очих уу. Очихдоо хэний намд нь очих бол. Оюутолгой зэрэг олон эрх ашгаар нэгдэж буй Ерөнхийлөгч Х.Баттулгыг түших үү. Ийм шийдвэрийн өмнө тэр гацчихаад байна. Хэрвээ Төрийн ордны гадна, дотно ч ярьж буй зүйл нь түүний итгэл үнэмшил мөн л юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжин ажиллаж, түүнтэй хамт “тулаанд” гарах боломж байна. Эс бөгөөс сул гишүүн болж, Оюутолгойтойгоо хамт мартагдах сонголт л үлдэв. Эндээс дүгнэж харвал, ирэх сонгуулиар Н.Энхбаяр+У.Хүрэлсүх, эсрэг талд нь С.Ганбаатар+Х.Баттулга гэсэн өрсөлдөөн явж мэдэх бөгөөд хэрхэхийг гуравдугаар сард болох МАН-ын 100 жилийн баярын хурлын "үдэшлэг"-ээс харцгаая.