ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Ариунзаяа: Ирэх сарын 1-нээс ажилгүй 500 залууг сургалтад хамруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-02

НХХЯ-наас ирэх сард 500 залууг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.  Энэ талаар салбарын  сайд А.Ариунзаяа тайлбар өглөө. Тэрбээр "Эдийн засаг нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулахын тулд 10 их наядын хөтөлбөр буюу төлөвлөгөөг Ерөнхий сайд танилцуулсан байгаа. Энэхүү хөтөлбөр дотор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэж Ерөнхий сайд илүүтэй танилцуулсан байгаа. Энэхүү хүрээнд манай яамны зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Гэхдээ энэ яамны асуудал биш. Салбар дундын зохицуулах асуудал. Манай яамны зүгээс халамжаас хөдөлмөрт шилжинэ гэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаа. Тухайлбал, хүнсний толан хүлээн авдаг маш олон иргэн бий. Ойролцоогоор 43 мянган өрх байгаа. Үүнд бүхий л насны хүмүүс хамрагдаж байгаа. Тиймээс 43 мянган өрхөд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг авч үзээд, сая төгрөгийн тэтгэлэгтэй сарын сургалт буюу  ажил хөдөлмөрт бэлтгэнэ. Сургалтын гол агуулга нь мэргэжил, мэргэшил олгох гэхээс илүүтэй хувь хүний хөгжил болоод хөдөлмөрийн зах зээлд бэлдэхэд чиглэнэ. Мэдээж баг хамт олон хэн юм бэ. Улсын хөгжилд оруулах миний оролцоо гэх мэт өөрт шаардлагатай бүхнээ олж авах юм. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас ямар зээлүүд олгогддог. Ямар хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой. Эхний ээлжийн сургалтыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ Засгийн газраар шийдвэрлэж, төсөв мөнгийг нь шийднэ. Эхний ээлжинд 500 залууг хамруулахаар төлөвлөж байна. Харин энэ онд 5000 хүнийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ" гэв.