ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Nikkei Asia: Оюу Толгой ХХК буулт хийж, гэрээг шинэчлэх нөхцөл бүрдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-02

Өнгөрөгч баасан гарагт Монгол Улсын Засгийн газраас "Оюу Толгой ХХК нь Монголын Засгийн газрын шахалтаар татварын өрөө төлж эхэллээ. Энэ бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, өнөөгийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын хичээл зүтгэл юм" гэх мессежийг өгч, амралтын хоёр өдөрт сошиал орчинд бүүсттэй цацлаа. Гэвч даваа гарагт Оюутолгой компанийн зүгээс мэдэгдэл гаргахдаа “Татварын байгууллагаас ирүүлсэн татварын нэхэмжлэлийг “Оюу Толгой” ХХК Монгол Улсын Татварын Ерөнхий хуульд заасны дагуу төллөө. Энэ нь татварын акт, шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш бөгөөд Монгол Улсын захиргааны хэргийн шүүх болон Олон улсын арбитрын шүүхэд татвартай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажил үргэлжилж байна” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч баасан гарагт Төрийн сан руу орж ирсэн 228 тэрбум төгрөг нь түр байршуулсан мөнгө бөгөөд хэрвээ Арбитрын шүүх тус компаний талд шийдвэр гаргавал буцааж авах юм. Тэгвэл өчигдөр /03.01/ “Никкей Азиа” /Nikkei Asia/ вэб сайтад мөн л Оюутолгойтой холбоотой мэдээлэл байршжээ. Уг мэдээлэлд "Оюу Толгой" ХХК буулт хийж гэрээг шинэчлэх нөхцөл бүрдлээ хэмээн бичсэн байх юм.

Тодруулбал, “Олон хоногийн жагсаал тэмцэл, хурцадмал байдлын дараа Монгол Улс, Рио Тинто нар Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлийг санхүүжүүлэх гэрээнд шинэ зохицуулалт хийхээр тохиров. Дэлхийд хамгийн том зэсийн ордуудын нэг болох гүний уурхайн өртөг, зардал нэмэгдэж байгаа нь Монгол Улсын өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Рио Тинтогийн сүүлийн Гүйцэтгэх захирал нарыг унагахад үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь төслийн нөхцлийг өөрчлөх шалтгаан болов.

Монгол Улсын Засгийн газар 2032 онд 34 хувийн эзэмшлээсээ ногдол ашиг авч эхэлнэ гэж тооцоолж байсан. Гэвч уурхайн нөөц шавхагдахаас өмнө ногдол ашиг авахгүй гэсэн шинэ тоон баримтууд гарч ирсний дараа олон нийтийн бухимдал үүссэн билээ. Төслийн өртөг 1.5 тэрбум доллароос 6.8 тэрбум долларт хүрснээс болж, Засгийн газар нь ч уурхайн нөөц шавхагдахаас өмнө ногдол ашиг авахгүй байх вий гэж болгоомжилж байгаа юм.

Рио уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтыг дангаар нь санхүүжүүлж, уурхайн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсад зээл олгож байсан бол одоогоор Рио менежментийн хураамж, зээлийнхээ төлбөрийг гаргаж авах замаар одоогоор бүх ашгийг авч байгаа. 2015 онд байгуулсан өргөтгөлийн хэлэлцээрийн дагуу олборлосон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр цуглуулж байгаа ч ногдол ашиг авахаасаа өмнө зээлээ бүрэн төлөх хүртэл хүлээх хэрэгтэй. Одоо хоёр тал уг гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулахад бэлэн байна.

ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонго "Хоёр тал 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулж ажиллахаар тохиролцсон. Рио зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээжээ. Харин Оюутолгойн ТУЗ-д Засгийн газраас томилсон Б.Энхбаатар хэлэхдээ “Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд цаашид далд уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдвэл яах вэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс 2015 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бус шинэ гэрээ байгуулахыг хүсэж байна” хэмээн “Никкей Азиа”-д мэдээллээ” хэмээжээ.

Мөн Рио Тинтогийн ойрын эх сурвалжаас компани 2015 оны гэрээ болон дахин төлөвлөлтийн нөхцлийг хойшлуулах хүсэлтэй байгааг баталсан талаар тус сайтад дурдсан байна. Сайтад үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эртнээс энэ төслийн талаар шүүмжлэлтэй хандаж байсныг онцолж, шинээр томилогдсоны дараа төслийг нааштай тал руу эргүүлж байгааг онцолжээ.

Уурхайн зардал нэмэгдсэн нь Жан Себастьян Жакыг Риогийн Гүйцэтгэх захирлаас огцроход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Якоб Стаушольм томилогдож, харин Монгол талаас Зэсийн группын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар томилогдсон Б.Болд аль хэдийнэ багаа бүрдүүлж эхэлснийг онцолсон байв. “Тэд Монгол Улсын Засгийн газартай хэлэлцүүлэг эхлүүллээ" гэж Стаушольм өнгөрсөн долоо хоногт "Nikkei"-д мэдэгдэл хийхдээ хэлжээ.

Өөрөөр хэлбэл, "Оюутолгойн бүтээн байгуулалт нь шаардлагатай зэсийг дэлхийд хүргэх гайхалтай инженерийн ололт болохоос гадна энэ нь үндсэндээ Монголын ард түмний сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт тул бид харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдлүүдийг олж чадна гэдэгт итгэлтэй хэвээр байна" хэмээснийг иш татсан байна.