ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ирэх долоо хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

O.Admin
2021-03-06

Ирэх долоо хоногоос бүх нийтийн дундах вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр УОК-ын дарга,  Шадар сайд С.Амарсайхан  өгсөн юм. Түүний хэлснээр  манай улс ирэх долоодугаар сар гэхэд  насанд хүрсэн бүх иргэнээ  вакцинд  бүрэн хамруулна  хэмээн зарлалаа.  Тодруулбал, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4  дүгээр сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг,  5,6 дугаар сард хөдөө орон нутгийн нэг сая иргэнийг вакцинжуулна. Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 гаруй багш, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 23.000 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтныг хамруулахаар болжээ. Үүний тулд   ирэх долоо хоногоос нийслэл хотын хэмжээнд өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулах юм байна.  Монгол Улсын Засгийн газар, УОК-оос насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулах вакцин худалдан авахад зориулж 240 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд вакцин татан авалтын санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдгийг онцолсон. Ийнхүү Шадар сайд С.Амарсайханы хэлснээр улс орны хэмжээнд вакцин татан авалтын ажлыг  идэвхжүүлснээр иргэдийг дархлаажуулах аяныг эрчимжүүлж,   вакцинжуулалтыг дуусгаснаар  тун удахгүй  энгийн ажил, амьдралдаа орох боломж бүрдэх юм байна.