ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.ГАНБААТАР: Оюу толгойн асуудлаар Монгол Улс сөрөг нэхэмжлэх гаргах хэрэгтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-01


УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгойн төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Анх удаа чуулганд цахимаар оролцож байна. Нэгдүгээрт, Монгол Улс гаднын таван шүүх дээр нийт 400 тэрбум төгрөгийг буцаан авах боломж бүрдсэн. Баримт материалууд бий. Үүнийг та бүхэнд явуулсан. Гишүүд минь, үүнээс илүү чухал зүйл гэж юу байх вэ. Ядаж миний явуулсан материалыг уншаад үзээрэй. Сөрөг нэхэмжлэх гаргах хэрэгтэй. Энэ нь Монголын талд ашигтай. Энэ бол Сү.Батболд С.Ганбаатар хоёрын асуудал биш.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: С.Ганбаатар гишүүний ярьж байгаа зүйл үнэн. Бид Оюутолгойн үр өгөөжийг яаж тооцохыг ажлын хэсэг тооцож, УИХ-д оруулж ирэхийг шаардсан. Одоогийн байдлаар бид 34 хувийг эзэмшиж байна. Энэ хэвээр явбал өгөөж нь 2039 он хүртэл гарахгүй. Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан.