ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.ЖАВХЛАН: Өнөөдрийн байдлаар бид зорилтот 60 хувийнхаа 20 гаруй хувийг вакцинжуулаад байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-02

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар хэлэлцэх юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Бид өнгөрсөн онд төсвөө баталж байхад вакцинууд ДЭМБаар баталгаажаагүй байсан. Үнэ нь тодорхойгүй байсан. Бид аль вакцин аль нь зах зээлд нийлүүлэгдэх талаар мэдэхгүй байсан. Одоо ч гэсэн вакцины нийлүүлэлт маш олон шугамаар явж байна. Бид цөөхөн хүн амтай халдварын тоог хүн амынхаа тоогоор бодоход дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар бид зорилтот 60 хувийнхаа 20 гаруй хувийг вакцинжуулаад байна. Вакцины эхний тунгаа хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн манайд тохиолдож байгаа биш. Гэрээ бол хийгдсэн. Хуулийн төслийг өнөөдөр баталснаар захиран зарцуулах эрхтэй болно. Яг ямар вакцин оруулж ирэх талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна.Өнөөдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин 300 мянган тун, мөн энэ сарын 9-нд 600 мянган тун бууна” гэв.