ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их Британи улс Монгол Улсын 10 их наядтай адил төстэй схемээр эдийн засгаа сэргээнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-06

Их Британи улс мягмар гарагаас эхлэн эдийн засгийн хатуу түгжрэлээс эргэн нээгдэж байгаа аж ахуйн нэгж, компаниудад туслалцаа үзүүлэх, санхүүжилт олгох хөтөлбөрийг эхлүүлж байна. Хамгийн ихдээ 10 сая фунт стерлинг буюу /14 сая ам.доллар/-ын зээлийг компаниудад олгох бөгөөд энэхүү хөтөлбөрийг Засгийн газрын тусламжтай эхлүүлж байгаагаа мэдэгдсэн талаар “Reuters агентлаг мэдээлэв.

Тус улсын Сангийн сайд Риши Сунак хэлэхдээ ““Ковид-19”-ын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хүрээнд хамгийн багадаа 2500 фунт стерлингээс 10 сая хүртэлх стерлингийн зээлийг арилжаа наймаа, бизнесээ дахин эхлүүлэхэд нь зориулж олгоно.

Бид эдийн засгийнхаа зарим хэсгийг аюулгүй байдлаа хангаад нээж байгаа. Сэргээн босгох, хямралаас гаргахын тулд бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилтийг үргэлжлүүлэн гаргаад явна” хэмээжээ. Тус хөтөлбөрийг Британийн Бизнесийн банк удирдан зохион байгуулах бөгөөд арилжааны банкууд болон төрийн зөвшөөрөлтэй бусад зээлдэгч нар зээлийг олгоно.

Харин тус улсын Засгийн газраас 80 хувийн баталгаа гаргаж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг 14.99 хувиар тогтоожээ. Их Британийн Засгийн газраас компани, аж ахуйн нэгжүүдээ хамгийн гол нь ажлын байраа хадгалж үлд хэмээн уриалж байгаа бөгөөд яаралтай тусламжийн зээлд 75 гаруй тэрбум фунт стерлингийг зарцуулаад байгаа аж.

Зээл хүсэгч нарт  “Их Британид үйл ажиллагаа явуулдаг байх, Цар тахал болоогүй байсан бол тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэх, Цар тахал бизнест тань сөргөөр нөлөөлсөн байх, Төлбөрийн чадваргүй болох эсвэл дампуурлаа зарлаагүй байх” зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна.

Тэгвэл Монгол Улс мөн л “Ковид-19”-ын дараах эдийн засгаа аврах, сэргээх хөтөлбөрийг зарлаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийг амжилттай үргэлжлүүлж байгаа. Монгол Улс энэхүү хөтөлбөрийн хүрээнд таван том бодлогыг дэвшүүлсэн бөгөөд хамгийн чухал нь ажлын байрыг хадгалах 3 хувийн хүүтэй, 2 их наядын зээл нь олон нийтээс талархал хүлээв.

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар нийтдээ 2431 зээлдэгчид 152.8 тэрбумыг ажлыг байрыг дэмжих зээл хэлбэрээр олгожээ. Монголд арилжааны банкны эх үүсвэрийг ашиглан 3500 аж ахуйн нэгж, 20 мянган иргэнд уг зээлийг олгосноор 120 мянган ажлын байрыг хамгаалж үлдэнэ гэдэг тооцоог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Харин Англи  улс төрөөс эх үүсвэрийг нь шийдэж, зээлийн хүүгээ 14.99 байхаар тусгажээ. Одоогоор 32 456 иргэн 4 их наяд 480.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлснийг судалж байгаа хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд байгаа юм.