ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.ГАНЗОРИГ: Зэвсэгт хүчнийг улс төртэй хутгаж, сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчсөн үйлдэл

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-20

Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хуулийн зохицуулалттай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд зэвсэгт хүчинд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бууруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, гадны улсын өгөөш болгох нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Зэвсэгт хүчнээ улстөржүүлэх, үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууцыг алдагдуулах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ-т  ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн.

Үүнд,

  • Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан.
  • Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн.
  • Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.

Гэхдээ МАН-аас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна" гэсэн тайлбарыг өглөө.