ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн салбарын нэр хүнд сэвтэх ёсгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-20

Эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр ХӨСҮТ-ийн зарим эмч нар шинжилгээний хариу засаж байсан гэх "livetv" онлайн телевизийн нэвтрүүлгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэд мэдэгдэлдээ "Коронавирусын цар тахал сүүлийн өдрүүдэд өргөн хүрээг хамран тархаж, аюулт халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт маш ихээр нэмэгдэн эмнэлгүүдийн ачаалал огцом ихэсч байгаа энэ хэцүү цаг үед эрүүл мэндийн салбарынхан маань ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалахаар ар гэр, үр хүүхэд гээд хайртай бүхнээ умартан, амрах чөлөө завгүй бүх хүчээ дайчлан чин сэтгэлээсээ ажиллаж байгаа билээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж байхад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зарим ажилтнуудыг шинжилгээний хариу засдаг гэж хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлээгүй асуудлыг цахим орчинд цацаж тэднийг ажил хийж байхад нь дарамт үзүүлж, сэтгэл санааны хүнд байдалд оруулаад байна.

Цар тахал өргөн хүрээнд тархаж олон хүн өвчилж, хүндэрч, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эмч ажилтнууд маань мэргэжлийн ажлаа хийж нэг ч гэсэн хүнийг эдгээхэд хувь нэмрээ оруулж ажиллах нь чухал байна. Иймд батлагдаагүй мэдээлэл цацаж эмч, ажилтнуудын ажиллах урам зоригийг мохоож, дарамт үзүүлж стресст оруулахгүй байхыг хүсч байна" гэсэн юм.

Цаашид батлагдаж нотлогдоогүй асуудлыг дэвэргэн бичиж эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж, сэвтээж буй үйлдлийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны мянга мянган гишүүд  эсэргүүцэж, ийм болчимгүй, бодлогогүй мэдээ мэдээлэл гаргаж эрүүл мэндийн салбарын нэр хүндэд халдахгүй байж, эмч ажилтнуудыг сэтгэл тэнэгэр ажлаа хийх боломжийг бүрдүүлэн, ямар нэг дарамт айдас, стрессгүй ажиллуулахыг мэдэгдэж Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн сайдад хандан МЭДЭГДЭЛ хүргүүлжээ.