ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Эрдэнэцогт: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ

O.Admin
2021-04-21

МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгч захирамж гаргаж Улсын Дээд Шүүхэд хүргүүлэхээр болсон тухай асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын Дээд Шүүхэд хүргүүлсэн нь Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн үндэслэлүүдийг тогтоож улмаар зохих шийдвэрийг гаргуулахаар Улсын дээд шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Улс төрийн намыг тараах асуудлаар хэн ч Улсын дээд шүүхэд хандах эрхтэй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчөөгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл ч байхгүй гэж бодож байна.

Улс төрийн намыг татан буулгах үндэслэлийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тодорхой заасан байна. Тэр хүрээнд МАН нь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон...” зэрэг үндэслэлийг Ерөнхийлөгч захирамждаа тодорхой заасан байна лээ.

-Ерөнхийлөгчийн энэ захирамжийг Улсын Дээд Шүүх хүлээн авч шийдвэрлэх хуулийн тодорхой зохицуулалт байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч захирамждаа МАН Улс төрийн намын тухай хуульд заасан намыг татан буулгах тодорхой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн тул Улс төрийн намын тухай 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүх уг асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх нь Улсын Дээд Шүүхийн хуулиар хүлээсэн үүрэг болох нь харагдана.

-Намыг татан буулгах талаар захирамж гарган Улсын Дээд шүүхэд хүргүүлэх нь шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх үү?

-Улс төрийн намыг тараах асуудлыг Улсын Дээд Шүүхэд тавьж шийдвэрлүүлэх нь шүүхийн шүүн таслах үйл ажиллагаатай огт хамаагүй, зөвхөн улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаатай нь холбоотой юм. Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн агуулгыг нарийвчлан авч үзэж, судалбал намыг тараах хуульд заасан үндэслэл тогтоогдвол Улсын Дээд Шүүх улс төрийн намыг шууд тараах шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээсэн байгаа нь ойлгогдоно.

-Асуултад хариулсан танд баярлалаа.

Эх сурвалж: Sonin.MN