ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Батхүү агсны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-22

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон Олон улсын дакар ралли уралдааныг Монголд зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцож байхдаа хоёр давхрын гонхноос унаж амиа алдсан.

Талийгаачийн ар гэрийнхэнд Шүүхийн дүгнэлтийг танилцуулахдаа тархинд нь цус харвасны улмаас хэмээн танилцуулсан ч тэд гадны нөлөөтэй хэмээн шалгуулах хүсэлт гаргасан. Гэвч өнгөрөгч гуравдугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт явуулсан байна.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар уг хэргийг хаахыг эсэргүүцэж мэдэгдэл хийж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах хүсэлтийг зохих журмын дагуу прокурорт албан бичиг хүргүүлсэн билээ. Үүний дагуу нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан талаар хариу албан бичгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяад ирүүлжээ. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм байна.