ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэд бидний тухай: Монгол Улсын Ерөнхийлөгч эрх баригч намыг тараахаар зориглов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-22

Монгол Улсад ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн адал явдал бүхэл бүтэн улс төрийн намыг /бүр эрх баригч нам шүү/ цэрэг, армитай холбоотой гэсэн үндэслэлээр хориглох гэсэн үйл явцаар шинэ зүгт эргэлээ.

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дөрөвдүгээр сарын 18-ны өдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргажээ. Парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ихээхэн хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулсан юм. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэж яригдаж буй У.Хүрэлсүхийн эсрэг тодорхой үндэслэлүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамждаа дурджээ. Х.Баттулга нь МАН-ын гол өрсөлдөгч болох Ардчилсан намаас сонгогдсон юм.

Ерөнхийлөгчийн захирамжийг Сүхбаатарын талбай дахь Төрийн ордны төв цэгт байх төрийн эрх мэдлийн илэрхийлэл болсон Есөн хөлт цагаан туг бүхий танхимд танилцуулж буй YouTube бичлэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэбсайтад байршуулжээ. Хариуд нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын долоон гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь намынхаа төв байрны бололтой гол шатны урд зогсон мэдэгдэл хийж буй дүрсийг  ч фэйсбүүкээр шууд дамжуулав.

Асуудал огт шийдвэрлэгдээгүй бөгөөд тэмцэл улам ширүүсч байна. МАН-ын Удирдах зөвлөл мөн Ерөнхийлөгчийн захирамжийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ гэж мэдэгдсэнийг news.mn мэдээллийн сайтад мэдээлжээ.

2021 оны 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн Х.Баттулгын байр суурийг няцаасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасны дараа тэрбээр уг захирамжийг гаргалаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6 жилээр сонгогдсон Ерөнхийлөгч ганц удаагийн бүрэн эрх эдлэнэ гэж заасан байгаа юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийг албан ёсоор арай хүлээн аваагүй байна. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн батлавал Үндсэн хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно хэмээн зарим судлаачид бичиж байна.

Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ 5 дугаар сарын эхээр зарлаж, сонгууль 6 дугаар сарын 9-ний өдөр явагдах юм. Дээрх дурдсан мэдэгдлүүдийн зарим нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэх үеэр няцаагдах магадлалтай. Гэвч Үндсэн хуульд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй гэж яригдаж буй үйлдлүүд, мөн улс төрийн өрсөлдөгчдөө улсынхаа үндэсний аюулгүй байдалд халдаж байна гэсэн талуудын маргаан нь Монголын ардчилалд ерөнхийд нь аюул учруулж байна гэх айдсыг төрүүлээд байгаа юм.

Цэрэгжсэн гэх асуудлаар нэгнээ хардаж байна

Талууд нэгнээ цэрэг, армитай зүй бус холбоо, харилцаатай гэж хардаж буй нь энд хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. (Ерөнхийлөгчийн захирамжид Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэрээр нь дурдсан ганц хэсэгт) У.Хүрэлсүх нь орон нутгийн Засаг даргын тамгын газрууд, намын орон нутаг дахь салбарууд, орон нутгийн цэргийн ангиудаар дамжуулан намаа “цэрэгжүүлсэн” үйл ажиллагаа явуулсан гэж дурдсан байна. Мөн “энэ нам нь бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” гэжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2018 онд УИХ-ын чуулганы үеэр У.Хүрэлсүх “300 гаруй офицер цуглуулсан” хэмээн хэлж байсан нь Твиттерт дахин сөхөгдөөд байна.  Цэрэг, армийн хүчийг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн зүй бус оролдлого хийсэн гэхээс гадна дээрх хоёр мэдэгдлийг гаргасан талууд бие биенээ Үндсэн хуулийн бус, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж үзэж байна.

Х.Баттулгын захирамжид МАН нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн гэж бичжээ. Мөн МАН нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг барьцаалж, Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болгосон гэжээ.

Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгын захирамж хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрчсөн гэж мэдэгдсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс бичгээр гаргасан мэдэгдэлд Х.Баттулгын нэрлэсэн хуулиуд ч давхар дурдагдсан бөгөөд “Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл” хийсэн гэж бичжээ.

Х.Баттулгын мэдэгдэлд МАН нь төрийн байгууллагуудыг ашиглан Ардчилсан намыг хагалан бутаргасан гэж буруутгасан бол МАН-ын мэдэгдэлд “аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бүх намуудад уриалсан” байна.

Нийгмийн сүлжээнд түгсэн мэдээлэл ба олон нийтийн хариу үйлдэл

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараа гаргасан Х.Баттулгын мэдэгдэл нь олон хүнд улс төрийн байр суурийнхаа төлөө тэмцэж буй мэт харагдаж магадгүй юм. Гэвч тэр өөрийн эсэргүүцлийг МАН-ын эрх мэдлийг үгүйсгэхэд чиглүүлж байгаа нь Х.Баттулга ард түмний сэтгэл зүйг дэмжлэгийг авахад бэлэн байгааг илтгэх мэт. Парламентад МАН гэх нэг нам давамгайлж буй цаг үед МАН-аас Ерөнхийлөгч гарч магадгүй байгаа нь олон хүний санааг зовниулж байгаа юм.

Ерөнхийлөгч захирамжаа дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 12:16 цагт yнших үед өөрийн Фэйсбүүк хаягаараа лайв хийсэн нь энэхүү нийтлэлийг бичих үед 12 мянган удаа шэйрлэгдэж, 1500 сэтгэгдэл цуглуулсан байв. Livetv.mn гэх пэйж дээр цацагдсан захирамж уншиж буй лайвыг нь харин 547 мянган хүн үзэж, 23 мянган лайк дарагдаж, 10 мянган удаа шэйрлэгджээ. Хүмүүсийн реакцууд өөр өөр байв. Олон хүн Ерөнхийлөгчийг дэмжсэн бол бас өөр олон хүмүүс улс орноо “хагалан бутаргаж байна” гэжээ.

МАН-ын удирдах зөвлөлийн шууд дамжуулсан мэдэгдэл нь мөн асар олон хүний уур бухимдлыг төрүүлэв. Хэдийгээр уг мэдэгдлийг Монголд шөнийн цагаар хийсэн боловч нийгмийн шударга бус байдалтай холбоотой олон зүйл дээр дуугуй байсан улс төрчид олноороо гарч ирж мэдэгдэл хийснийг иргэд эрс шүүмжилсэн байна.

Нэг онцлууштай зүйл нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар ярих ёстой мэргэжлийн шинжээчид нь нийтийн сүлжээ дээр санал бодлоо маш бага илэрхийлэв. МАН-ын хариу мэдэгдлийн талаар бараг нэг шинжээч үг хэлсэнгүй. МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдлийнхээ төгсгөлд “Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа эгзэгтэй цаг үед аливаа хууль бус, өдөөн хатгасан, зохион байгуулттай явууллагад автахгүй байхыг нийт ард иргэддээ уриалж байна” гэсэн байна. Харин Х.Баттулгын мэдэгдэлд “МАН-ыг Ковид-19 цар тахлыг удаа дараа улс төржүүлсэн” гэж дурдсан билээ.

Ковид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хоёр мэдэгдэлд хоёулаа - У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сард Ковид-19-ийн эсрэг авсан арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалаас болж огцорсныг төдийгүй Ковид-19-ийн байдал Монголд ямар хэцүү болсныг сануулав. Цар тахал нь Монголчуудын хувьд улс төрд сэтгэл дундуур байгаагаа хүчтэйгээр илэрхийлэх талбар нь болж байна. Мөн түүнчлэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд “огцорсон” гэдгээс гадна сүүлийн үед Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, түүнээс улбаалсан Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд орлоцуулах эсэх талаарх УИХ-ын шийдвэрүүд, Ерөнхийлөгчийн хоригууд нь Ковид-19-ийн хүнд хэцүү байдлаас сатааруулж байна гэж олон Монголчууд үзэж байна.

Нийтлэлийг бичсэн Марисса Смит, Батдоржийн Булган, Жулиан Диеркэс .

Марисса Смит нь антропологич, Монголын чиглэлээр мэргэшсэн Бэркли дэх Калифорнийн Их сургуулийн орон тооны судлаач

Батдоржийн Булган нь Канадын Британийн Колумбын Их сургуулийн докторант

Жулиан Диеркэс Канадын Британийн Колумбын Их сургуулийн Нийгмийн бодлого, Дэлхийн хэргийн магистрын хөтөлбөрийн багш
 

Эх сурвалж: https://thediplomat.com/2021/04/grappling-with-parliament-limiting-his-powers- mongolian-president-moves-to-dissolve-ruling-party/