ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярыг дайлж буй бичлэгийг задруулсан ажилтанг халжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-18

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг соошл сүлжээнд тарж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг өнгөрөгч зургадугаар сард явуулсан.

АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг энэ сарын 06-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан” хэмээн тайлбарласан байна.

Мөн “Өнгөрөгч тавдугаар сарын 03-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ-т долоон цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй” хэмээн мэдээлсэн байна.