ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх энгийншиж, Д.Энхбат гайхуулж, С.Эрдэнэ найдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-14

Их сунгаа /сонгуулийн сурталчилгаа/ уг нь тавдугаар сарын 24-ны өдрөөс албан ёсоор эхэлж, улмаар зургадугаар сарын 07-ны өдөр дуусаж, 09-ны өдөр түрүү магнайг нийтэд зарлах учиртай юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн гурван намын “хүлгүүд” хэдийнэ ойрын зайн сунгаагаа эхэлж, наадамчин олноор шинжүүлэх ажилдаа оржээ. Тэд өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц байдлыг харуулах гэж хичээж байгаа. Хэн илүү уяа сойлго таарсан, хэн гэж “уяач” сойж буйгаас шалтгаалан 100 жилийн түүхт ойн босгон дээр торгон жолоо өргүүлэх учраас хэний саналыг би орхигдуулаад байна вэ гэдэгт энэ хугацаанд дүгнэлт хийж суугаа нь дамжиггүй. Сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч би хэн бэ, та нар хэнд итгэх гэж байна вэ, бидний хэнийг нь “таалж” байна вэ гэсэн шинжээ хэдийнэ эхэлснийг нэр дэвшигчдийн орж буй ярилцлага, цацаж буй зургаас нь уншигч авхай та ажиглаж суугаа байх аа. Тэгвэл МАН, АН, ХҮН-ын гурван нэр дэвшигчийг уяа сойлгийг хэн тааруулж, өнөөдөр явж буй мөлхөө сурталчилгаа нь хаашаа чиглэж байгааг тоймлох гэж хичээе.

 

Эрэмгий чанараа гээж эгэл харагдахыг хичээв, гэвч...

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд “Херо” буюу найруулагч Б.Баатар сойж буй нь уянгын халилтай уран сайхны хэтрүүлэгтэй морьтой зургаас нь ил болов. Өнгөрөгч сонгуулиар АН-аас цоохор зүсмийн хүлэг сойж торгон жолоо өргүүлж чадсан зангаргаа “Херо” энэ удаад ч гаргаж чадна гэж боджээ. Тиймдээ ч нэр дэвшигчийн сурталчилгаанд А.Амундра гэх “алдарт” пиарчны хамт хүчин зүтгэж байна. Сойсон “хүлэг” бүхнээ улс төрийн уралдаанд ялагдуулж байсан А.Амундра пиарын карьертай У.Хүрэлсүхээр цэг тавих уу, эсвэл эргэж сэхэх үү гэдэг нь сонирхолтойдүр зураг байх биз. “Херо”-гийн хувьд ч энэ удаагийн пиарын ажил нь сэхэх үү, мөхөх үү гэдэг сонголтыг авчрах нь ээ. У.Хүрэлсүх нэр дэвшигчийн тухайд өнгөрсөн хугацаанд цэрэг армитай нягт холбоотой гэдгээ цаг ямагт тод томруун харуулж ирсэн. Армийн бэлтгэл хурандаа цолоороо “аархаж”, ихэвчлэн зэвсэг техниктэй ойр явсныг нь цэргийн баяраар цацагдсан бичлэгээс бид харсан. Гэвч энэхүү имиж, төрх нь эцэстээ өөрийнх нь хүзүүнд олс углаж мэдэх нөхцөл байдал үүсгэсэн нь улс төрийн намаа цэрэгжүүлсэн буюу тараах шалтгаан болсон гэх үндэслэл юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс энэ асуудлыг хөндсөний дараа МАН-ын нэр дэвшигчийн рейтинг унасан бөгөөд өөрийнхөө санаачилж байгуулсан “Монгол цэргийн холбоо”-г улсын төсвөөс санхүүжүүлсэн баримтууд нь ил болсноор түүний карьер, нэр хүнд сэвтэх эрсдэл тулгарчээ.

 

Тиймдээ ч пиарчид нь маш шуурхай арга хэмжээ авч армиас холдуулах арга буюу “Ардын хүү” гэсэн имиж бүрдүүлэхээр зүтгэсэн нь уурга суналзуулсан, дээлтэй булчинлаг төрх юм. У.Хүрэлсүхийн тухайд армиар танигдчихсан учраас цэрэг, цагдаагийн салбарын саналыг төвөггүй авчихна. Харин төрийн байгууллага болон үйлчилгээний салбарт тэртэй, тэргүй МАН-ынхан шат, шатанд нь удирдаж байгаа учраас саналыг нь авахад ядах юмгүй. Харин өнгөрсөн хугацаанд эгэл жирийн малчид, орон нутгийн иргэдийн саналыг авах зөв имиж бүрдүүлж чадаагүй, “цоохор дээлтэй” нөхрөөс бага оноотой явж ирсэн учраас ирэх өдрүүдэд мөлхөө болон албан ёсны сурталчилгаандаа ч эгэл ардын хүү гэсэн имиж бүрдүүлэх нь ээ. Армиар бус ахуйлаг байхыг тэр илүүд үзэв. Тиймээс мөлхөө сурталчилгааны хамгийн эхний ярилцлагаа хурц өнцөгтэй Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалантай бус “Монгол коммент”-ын М.Батбилэг сэтгүүлчтэй хийсэн нь зорилтод бүлэг нь хаашаа вэ гэдгийг тод томруун харуулав. Нэр дэвшигч өөрөө шазруун, эрэмгий зантай. Ямар ч муу асуултад хамгийн сайн хариулдаг сайн ярилцагч бол У.Хүрэлсүх. Гэтэл яг тэр чанарыг нь сэргээж чадах сэтгүүлчээс дөлж, зөөлөн характерууд руу налж, баннерын өнгөө хүртэл хар, цагаанаар сонгосноос харвал ирэх өдрүүдэд аядуу зөөлөн имиж бүрдүүлсээр сурталчилгаагаа дуусгах нь ээ.

 

С.Эрдэнэ ардчиллынхандаа найдаж байгаа, гэвч...

 

АН-аас албан ёсоор өрсөлдөнө гэдгээ зарласан С.Эрдэнэ одоогоор тодорхой том ярилцлагад орж тийм имиж бүрдүүлье гэж гүйхгүй байгаа юм. Учир нь нам доторх зөрчил нь намжаагүй учраас аль ч нэвтрүүлэгт очсон асуултад бүдрэх магадлал өндөр. Тиймээс зөвхөн урьд өмнөх сонгуулиар бэлтгэсэн нэвтрүүлгээ сэргээж цацах, сошиал дэмжигчдийн санал авахын тулд онлайн подкаст болон сошиал нэвтрүүлэгт илүүтэй анхаарлаа хандуулж байна. Мөн ардчиллын ахмад, дунд, залуу үеийнхэнд хандан уриалга гаргаж, намыг маань би биш бүлэглэл самарч байна, надад итгээч хэмээн уриалсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, ялагдалд хүргэчихээд эргэж ирэн самарч буй С.Эрдэнэ тэргүүтнийг орхиж одсон эгэл жирийн гишүүдийнхээ итгэлийг эргээд олж авахыг тунчиг хичээж байх ажээ.

 

С.Эрдэний намтартай холбоотой нэг таагүй зүйл байдаг нь гэр бүлийн асуудал. Эхнэрийнх нь тухай асуудал байсхийгээд л сөхөгддөг учраас тэрбээр  энэ удаа сайхан гэр бүлтэй шүү гэдгээ тод харуулах гэж хичээж байгаа юм. Тиймдээ ч эхнэр, охин хоёроо олонд илүү харуулахыг, С.Эрдэнэ бол ардчилал хайртай, ардчиллын төлөө цуцалтгүй явж буй жинхэнэ ардчиллын дуу хоолой гэсэн имиж түүнд юу юунаас илүү чухал байгаа нь мөлхөө сурталчилгаанаас нь тодхон байна.

 

С.Эрдэний пиарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан О.Чулуунбилэг, Ц.Оюундарь нар хийж буй бөгөөд алдагдсан итгэл, тэр тусмаа АН-д элэгтэй залуусын саналыг татахын тулд хамтдаа хичээж байх юм. Учир нь сонгуульд огт санал өгдөггүй залуусыг эргээд АН-д элэгтэй болгож чадвал хүчтэй өрсөлдөгч байж чадна гэж сэтгэж байгаа учраас энэ өдрүүдэд залуустай ойрхон гэдгээ нотлох, сошиал орчинд дэмжлэг авах гэж оролдох нь С.Эрдэний туйлын зорилго болоод байгаа юм. Мөн постероо ч тэр ардчиллынхандаа хаяглаж, би бүлэглэлтэй тэмцэж байна, ардчиллаа хамгаалж үлдэх гэж хичээж байна хэмээн итгүүлэхийг оролдсоор. Цаашдаа ч тэр ийм имиж бүрдүүлэх нь ээ.

 

Боловсролоор “зодно”

 

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат мөлхөө сурталчилгаагаа эхлэхдээ л “Би бол тохой илүү боловсролтой” гэсэн имиж бүрдүүлэх гэж оролдож байна. Түүнд У.Хүрэлсүх шиг армийн хувцас, цол хэргэм байхгүй. Ардын хүү шиг харагдах булчин бас алга. С.Эрдэнэ шиг нийгмийн даатгалын сүлжээ, ардчиллын гал улаан фэнүүд алга. Байгаагаас боловсрол л байгаа. Тиймдээ ч энэ улсыг одоо гарандаа булчинтай нь бус тархиндаа мэдлэгтэй нь авч явах ёстой гэсэн имиж бүрдүүлэх гэж хичээж байх ажээ. Тиймдээ ч сэтгүүлзүйн салбарт мэргэжлийн зөв ижиж бүрдүүлсэн сэтгүүлч гэх Г.Мөнхтуулыг сонгож мөлхөө сурталчилгаагаа эхлүүлэв. Мөн “ikon.mn”сайтаар эзэмшсэн боловсрол, хаана ямар ажил хийж явснаа “гайхуулсан” инфографик цацуулж, сошиал орчинд ч тэр боловсролоор “зодох”-ыг чухалчилж байх юм. Түүний пиарыг хэн удирдаж буй нь тодорхой бус байгаа. Өөрсдийгөө сэхээтэнлэг, боловсролтой давхарга гэж үздэг ХҮН-ын хэдэн залуус пиарыг нь удирдаж буй бол яг л тэр хүрээндээ л Д.Энхбат санал авна.

 

Элит гэсэн хайрцаглагдсан бодлоосоо салж эгэл жирийн иргэндээ ойртож очихын тулд илүү энгийн байхыг мөлхөө сурталчилгааных нь хэв маяг сануулж эхлэв. Гэлээ ч угаас поп зангүй явсан учраас нуухаа авах гээд нүдийг нь сохлохын үлгэрээр бүр илүү “хөгийн” харагдах араншин ч түүнээс цухалзав.

 

Тухайлбал, уулын спортод дурлагч, гоо сайхны мэдрэмжтэй гэргийтэй  шүү гэсэн явцуу пиарын санаа цухалзлаа. Өмнөх Ерөнхийлөгчийн дэргэд би бол бүтэн гэр бүлтэй гэсэн пиар нь түүнд эерэг оноо авчирсан эсэх нь юу л бол. “Би шударга ёсыг тогтооно” гэсэн хэтэрхий хуурай пиарын сурталчилгаа эхлүүлж, постер бэлтгэж цацах гэж бас оролдлоо. Ерөөс эхнээсээ тэр буруу эхэлсэн бөгөөд төгсгөл хүртлээ буруу явах эрсдэл байгааг “Ам нээвэл”-ээс эхлээд төв талбайд гэргийтэйгээ явж буй зураг хүртлээ харуулчихлаа. Д.Энхбат гэж хэн бэ гэдгийг хэтэрхий удаан нууж, олж авсан мэдлэгээ олны төлөө ашиглаж чадаагүй учраас л түүний мөлхөө сурталчилгаа ч олонд төдийлөн хүрч чадахгүй байгааг нуух юун. Энэ хэвээр явахгүй, алдаагаас засна гэж найдъя.