ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хотхоны группэд халдвартай хүн байранд байна гэж  бичсэн байсан”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-17

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн Ц.Л-тэй ярилцлаа. Тэрбээр гэрийн тусгаарлалтад 20 хоног  байж, халдвартай өвчинтэй тэмцэж, эдгэрсэн нэгэн билээ.

 -Сайн байна уу, бие нь гайгүй юу. Халдвартай эерэг гэх мэдээллийг сонсоход бие болоод сэтгэл санааны хувьд мэдээж таатай байгаагүй байх?

-Тийм ээ. Гэхдээ  ажлын орчин  өөрөө эрсдэлтэй байсан учраас их тайван хүлээж авсан. Миний хариу  гурав дахь удаагийн  шинжилгээгээр батлагдсан. Харин батлагдах хүртэл арваад  хоног аймшигтай өвдөлттэй байсан. Ер нь  хүлээхээс өөр юу ч хийж чадахгүй байсан.  Маш их өвдөөд байгаа хэрнээ юуных гэдгийг мэдэхгүй. Тиймээс түргэн тусламж,  119 зэрэг рүү залгаж, тусламж хүссэн ч тодорхой  арга хэмжээ аваагүй. Ганцаараа хэвтэж байх л надад  аймар санагдаж байлаа. Тэр үед өөрийгөө үе мөчний өвчтэй юм болов уу, өөр хүнд өвчин туссан болов уу гээд их юм бодож, эргэлзэж байсан.

...Гэхдээ утсаар зөвлөгөө авахаар өвчин намдаах эмээ уу.  119 рүү залгахаар ХӨСҮТ рүү холбоно. Ер нь хоолоо сайн ид, халуун бүлээн сайн ус уу, чацаргана уу, эмээ уу  гэдэг зөвлөгөөг авч байлаа. Тухайн үед манай улсад халдвар их огцом нэмэгдсэн. Магадгүй эрүүл мэндийн салбар маш их ачаалалтай байсан. Манай эмнэлэг, эмч ажилтнуудын хүртээмж хэр билээ дээ. Тиймээс аль болох зөвлөгөөг дагаж, өөрийнхөө чадах хэмжээгээр хичээсэн...

-Таныг гэрээрээ эмчлүүлж эдгэсэн гэсэн. Эмнэлгийн үйлчилгээ, иргэндээ анхаарал халамж тавих нь хэр байсан бэ?

-Надад эерэг гэдэг хариу гарсан гэдгийг утсаар хэлээд, өрхөөс ирж, үзчихээд явсан. Нэг ууттай эм, халууны шил, өрхийн эмчийн дугаартай хоцорсон доо. Эерэг гэж хариу гарах хүртэл өвдөөд туйлдчихсан болохоор хоолоо хийж идэж чадахгүй,   өвчин намдаах эм ч сүүлдээ үйлчлэхээ больчихсон. Гэхдээ утсаар зөвлөгөө авахаар өвчин намдаах эмээ уу.  119 рүү залгахаар ХӨСҮТ рүү холбоно. Ер нь хоолоо сайн ид, халуун бүлээн сайн ус уу, чацаргана уу, эмээ уу  гэдэг зөвлөгөөг авч байлаа. Тухайн үед манай улсад халдвар их огцом нэмэгдсэн. Магадгүй эрүүл мэндийн салбар маш их ачаалалтай байсан. Манай эмнэлэг, эмч ажилтнуудын хүртээмж хэр билээ дээ. Тиймээс аль болох зөвлөгөөг дагаж, өөрийнхөө чадах хэмжээгээр хичээсэн.

-Ямар эмчилгээг танд түлхүү хийсэн бэ?

-Тодорхой эмчилгээ байхгүй учраас өрхөөс өгсөн эмийг цагт нь уу гэж байсан. Харин би азаар эмчийн гэр бүлд өссөн. Ар гэрийнхэн маань анхаарал тавьж, эм тариаг зөөж байлаа. Дүү ирж тариа хийж өгнө. Найз нөхөд минь ирж хоол ундыг  хийж өгч байсан юм. Тэднийхээ тус дэмээр, цар тахалтай тэмцэж, эдгэрсэн бодож, баярлаж  явна. Найз нөхөд, ар гэрийнхэн маань маш их сэтгэлийн дэм хайрласан. Түүний хүчинд хурдан эдгэсэн байх.

-Халдвартай хүмүүсийг гадуурхах хандлагатай байгаа учраас олон нийтэд мэдээлэл түгээхэд түвэгтэй байна гэж ярьж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Тийм шүү, үнэхээр санал нийлнэ.  Хөрш айлын хүүхэн хүртэл хотхоны групп дээр пост хийж халдвартай хүн байранд байна гэж  бичсэн байсан. Гэтэл өөрөө хөл хорионы үед гэртээ хүн цуглуулж архидан согтуурдаг  хүн шүү дээ. Ийм хандлагатай, ёс зүйгүй хүмүүсээс гадуурхах хандлага их мэдрэгддэг юм билээ. Дэлхий нийтээр тархсан халдвар олон сая хүний амийг авч одож байна. Хэн ч тусахгүй, үхэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс гадуурхах бус сэтгэлийн дэм хайрлаж, байгаарай. Надад бол халдвартай гээд орон дээр хэвтэж байхад ар гэр, найз нөхдийн сэтгэлийн дэм асар их хүч өгсөн. Гол нь сэтгэл санааны хувьд тайван байх ёстой.

-Таны хувьд ажил олгогч болон хамт олны хандлага хэр байв?

-Миний хувьд  ажил үүргээ гүйцэтгэж явахдаа  халдварт өртсөн. Надад бол халдвар хэнийг ч ялгахгүй учраас ажиллаж байгаад халдвар авсан гэдэг сэтгэгдэл төрөөгүй. Гомдол ч байгаагүй. Харин ажлын минь удирдлагууд ямар удаан эдгэдэг юм бэ, эерэг гарсан гэдгээ батал, эмчийн бичиг хийлгэж ирээрэй гэх зэргээр шахалт үзүүлж, цалин хүртэл хассан. Хэцүү цаг үе ч гэсэн миний хувьд тэсээд, тэсвэрлээд гарсандаа баяртай байна.

-Гэрээр эмчлүүлж байгаа иргэд гэнэт хүндрэх аюул тулгарч, амь насаа алдах тохиолдол гарсан. Ийм эрсдэлийг  тооцож байсан уу?

-Гэртээ ганцаараа байдаг учраас жаахан айдастай байсан. Их хүндэрвэл эмнэлэг явна гэсэн бодолтой байлаа. Гэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө их авсан. Ар гэрийнхэн найз нөхдийн тус дэм их болсон.

..Миний хувьд  ажил үүргээ гүйцэтгэж явахдаа  халдварт өртсөн. Надад бол халдвар хэнийг ч ялгахгүй учраас ажиллаж байгаад халдвар авсан гэдэг сэтгэгдэл төрөөгүй. Гомдол ч байгаагүй. Харин ажлын минь удирдлагууд ямар удаан эдгэдэг юм бэ, эерэг гарсан гэдгээ батал, эмчийн бичиг хийлгэж ирээрэй гэх зэргээр шахалт үзүүлж, цалин хүртэл хассан. Хэцүү цаг үе ч гэсэн миний хувьд тэсээд, тэсвэрлээд гарсандаа баяртай байна...

-Халдвар аваад эдгэсэн хүнээс гурван удаагийн давтан шинжилгээ авч байгаа. Энэ үед сөрөг гэх хариуг сонсоход хэр байсан бэ?

-Эхний сөрөг гэдэг хариу аваад баярлаж байсан ч нэг их тайвшраагүй. Харин хоёр дахь сөрөг хариу гарахад бөөн баяр болсон. За эдгэлээ гэж бодсон. Гэхдээ  сульдсан хэвээрээ, толгой эргээд бие бүрэн зүгээр болоогүй.  Хамгийн гоё нь гэр бүлийнхэн дээрээ удаан очоогүй. Тэдэнтэйгээ уулзах сайхан байсан.

-Одоо таны биед ямар нэг зовиур байна уу?

-Өмнө нь ядрахыг мэддэггүй байжээ. Харин халдвар аваад эдгэснээс хойш маш хурдан ядрах, сульдах,  ажлын ачаалал даахгүй хэмжээнд хүрч байна. Гэхдээ хэдэн сар дархлаагаа дэмжээд явчихвал гайгүй байх гэж бодож байна. Одоо бол байнга дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Хэдэн сарын дараа гайгүй болох байх. Ийм мэдрэмжийг удаан авахгүй байх.

-Халдвартай тэмцэж байгаа олон зуун хүн бий. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хамгийн чухал нь сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Эдгэж, эрүүл саруул болно гэсэн бодолтой байгаарай. Мэдээж өвдөөд хэвтсэн үед маш их асуудал, бэрхшээл тулгардаг. Тэр бүх зүйлд сэтгэлээр унаж болохгүй. Удахгүй бүх зүйл сайхан болж, аяндаа хэвийн амьдралдаа орно.