ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-31

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийхээр өчигдөр Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын БН Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв.

Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр-гэр музей”-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.

 

 

ОХУ-ын БН Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн Улаан-Үд хотноо хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсад айлчлал хийхийн зэрэгцээ Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцох юм.