ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Даваалхам: Төрөлхийн тэмбүүтэй 13 нярай нас барж, мөн тооны хүүхэд амьгүй төрсөн

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-07-22

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин ихсэх болсонтой холбогдуулан ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамыг урьж,  ярилцлаа.

-Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал ямар байна вэ. Энэ асуултаас ярилцлагаа эхэлье?

- Бэлгийн замын халдвараар дамжих 30 гаруй төрлийн өвчин байдаг. Зонхилон тохиолдох БЗХӨ-үүдийн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг. Үүнээс тэмбүү, заг хүйтэн, трихоманиаз, ХДХВ-ийн халдварыг онцлон авч үздэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 15364 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 43.4 тэмбүү, 28.8 заг хүйтэн, 27.6 трихоманиаз, 0.2 хувийг ХДХВ-ийн халдвар эзэлж байгаа юм. Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний  34.7 хувийг БЗХӨ дангаараа  эзэлдэг. 2016 онд нийт бүртгэгдсэн халдварт өвчний 21.5 хувийг БЗХӨ эзэлж байсан бол өнгөрсөн онд 34.7 хувь болсон. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн амьсгалын замын халдварт өвчний дараа буюу хоёрдугаар байрт орж байгаа юм.

-Нийт хүн амын дунд ямар байна вэ?

-БЗХӨ Ази номхон далайн бүсийн орнуудын дунд ямар байна вэ гэдгийг тооцоолж харах боломжтой. Өнгөрсөн оны гуравдугаар сард Азид анх удаа энэ тооцооллыг хийсэн байдаг. Дэлхийд хоёр, гуравхан орон энэ тооцооллыг хийдэг юм. Тус тооцооллоор 15-49 насны эмэгтэйчүүдийн дунд идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдварын тархалт ямар байгаа талаар тооцоолж гаргасан. Маш олон судалгаа шинжилгээ, мөн бүртгэгдэж байгаа өвчлөлийн тоог харьцуулж байж энэ тооцооллыг гаргадаг. Тооцооллоор  15-49 насны эмэгтэйчүүдийн дундах идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн тархалт 2.5 хувьтай  гарсан.  Бүсийн дундаж нь 0.5 хувь байдаг. Гэтэл манайх тав дахин өндөр гарсан.

Тэгэхээр энэ өвчлөл өндөр байна гэсэн үг. Үүнээс гадна нийт хүн амын дунд өвчлөл ямар байна вэ гэдгийг хардаг  нэг үзүүлэлт нь  жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах БЗХӨ, тэр дундаа тэмбүүгийн халдварын тархалтыг харьцуулж үздэг. Өнгөрсөн оны эцсийн байдлаар жирэмсний хяналтад хамрагдаад, шинжилгээ өгөөд тэмбүүгийн өвчлөл илэрсэн тохиолдлыг үзэхэд ойролцоогоор 2.4 хувьд нь тэмбүү өвчний халдвартай болох нь оношлогдоод, эмчлэгдсэн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн халдварын тархалт их байгааг нотлох үзүүлэлт нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөн тохиолдол юм. Энэ тохиолдол нэг хэсэг бүртгэгдэхээ больсон байсан.

Сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Өнгөрсөн оны эцсийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн 59 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс төрөлхийн тэмбүүгийн оноштой 13 нярай нас барж, 13 нь амьгүй төрсөн тохиолдол гарсан. Өнгөрсөн оноос төрөлхийн тэмбүүнээс болж амьгүй төрсөн тохиолдлуудыг анх бүртгэж эхэлсэн юм. Эдгээр  59 тохиолдлын 37.3 хувь нь хяналтад огт хамрагдаагүй эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд  байдаг. Тодруулбал, жирэмсэн эмэгтэй хоёр удаа зайлшгүй шинжилгээ өгөх ёстой. Эхний гурван сард болон 28 долоо хоногтойдоо шинжилгээ өгөх ёстой. Тэгэхээр  шинжилгээнд огт хамрагдаагүй эмэгтэйчүүдээс төрсөн байна гэсэн үг. Жирэмсний хяналтад хамрагдсан тохиолдлуудыг авч үзвэл 77.8 хувь нь ердөө нэг удаа шинжилгээ хийлгэсэн.

-Бэлгийн замын халдварт өвчин эхээс урагт дамждаг гэж ойлгож болох уу?

-Тэмбүү болон ХДХВ-ийн халдвар эцэг, эхээс урагт дамждаг. Сүүлийн үеийн нэр томьёогоор эхээс урагт дамжих гэхээсээ илүү эцэг, эхээс хүүхдэд дамжих гэсэн нэр томьёо манай оронд шинээр нэвтэрч эхэлсэн. Жирэмсэн эмэгтэйн бэлгийн хамтрагчийг нь зайлшгүй шинжилгээнд оруулж эмчилж байж, урагт халдвар дамжихийг зогсоож чадна. Тийм учраас хамтад нь эцэг, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ гэж ярьдаг болсон.

-Уг өвчний талаар хүмүүсийн мэдлэг, мэдээлэл хэр байна вэ?

-Залуучуудаас судалгаа аваад, мэдлэгийг нь үнэлэхэд энгийн хүмүүсээс илүү эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, эмэгтэй биеэ үнэлэгчид гэх мэт хүмүүсийн мэдлэгийн төвшин хамаагүй өндөр гардаг. Энэ юу хэлж байна вэ гэхээр манай залуучууд мэдэж байгаа мэдлэгээ хэрэглээ болгож, зөв дадал болгох нь туйлын хангалтгүй байна гэсэн үг. Гудамжаар явж байгаа залууг зогсоогоод тохиолдлын бэлгийн хавьтлын талаар асуухад бэлгэвч хэрэглэх ёстой гээд бүгд хэлж чадна. Гэхдээ өөрөө хэрэглэж байна уу гэдэгт  анхаарах хэрэгтэй.

-БЗХӨ-өөр 15-49 насныхан их өвчилж байна гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ бэлгийн замын халдварт өвчтэй гэж бүртгэгдсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь 15-24 насны залуус байдаг. Энэ нь нас, физиологийн онцлогтой нь ч хамааралтай. Харин 60 гаруй хувийг нь гэрлэсэн хүмүүс эзэлдэг. Тэгэхээр гэр бүлийн тогтвортой амьдралаас гадуурх харьцаа бас нөлөөлж байгаа юм.

-ХДХВ-ийн халдвар хэр байна вэ?  

-Өнгөрсөн оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 250 хүн албан ёсоор бүртгэгдсэн. Анх 1992 онд бүртгэгдсэн тохиолдлоос эхлээд өнөөдрийг хүртэл гэсэн үг. Харин өнгөрсөн  онд 25 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сард тооцоолж үзэхэд 2017 оны эцсээр 575 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэсэн тооцооллыг гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар дөнгөж 40 гаруй хувийг нь илрүүлсэн. Илрүүлэг, шинжилгээг сайн хийж тэр хүмүүсийг илрүүлж олох хэрэгтэй. Хяналтад авсан тохиолдолд амьдралын чанар дээшилж, урт наслах боломжтой. Энэхүү өвчний эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс нас барах тохиолдол хөгжингүй орнуудад байхгүй. Эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг. Тиймээс эрт илрүүлэх нь л чухал.

-ХДХВ-ийн халдвараас болж нас барсан тохиолдол байгаа юу?  

-Бэлгийн замаар дамжих 30 гаруй төрлийн халдварт өвчин байдаг. Эдгээр өвчний нэг нь ХДХВ-ийн халдвар байдаг. Энэ өвчний халдвар авсан тохиолдолд төгс эмчилгээ байхгүй. Зөвхөн халдварын эсрэг эмчилгээ л хийдэг. Амьдралын чанарыг сайжруулж, насыг уртасгах эмчилгээ хийдэг гэсэн үг л дээ.  Харин бусад бэлгийн замын өвчин  эмчлэгдэнэ. Гэхдээ бүх БЗХӨ нэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, халдвар авсан тохиолдолд маш богино хугацаанд илрээд, маш удаан хугацаанд шинж тэмдэггүй явж болно. Энэ нь халдвар цааш тархах үндсэн нөхцөл болдог. Ийм өвчтэй хүнийг гаднаас нь хараад таних боломжгүй. 2016 онд зургаан хүн нас барсан. 1992-2017 он хүртэл 250 тохиолдол бүртгэгдсэнээс 41 хүн нь нас барсан. Сүүлийн хоёр жилд ХДХВ-ийн халдвар шинээр авч байгаа тохиолдол буурсан. Харин ДОХ-ын эцсийн шатандаа байгаа хүмүүсийн хувьд нэмэгдэж эхэлсэн.

-ХДХВ-ийн халдвар ч гэсэн эцэг, эхээс урагт дамжих уу?

-Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 14 эхийг төрүүлсэн байна. Эдгээр эхээс 21 хүүхэд төрсөн бөгөөд зургаан эх давтан төрсөн. Шинээр төрсөн хүүхдүүд ХДХВ-ийн халдваргүй нь батлагдсан. Эмээ сайн ууж, эмчийн хяналтад байж байгаад төрсөн тохиолдолд халдвар авах эрсдэл буурч байгаа юм. Шинээр төрсөн хүүхдүүдийг хөхүүлдэггүй. Улсын төсвөөс санхүүжүүлээд зургаан сар хүртэл нь угждаг. Ингэснээр эхээс хүүхдэд хөхний сүүгээр халдвар дамжих эрсдлийг таслан зогсоож чадаж байна гэсэн үг. Найман сартай эх хүртэл халдвартай гэж оношлогдож байсан тохиолдол байдаг. Хурдан шуурхай эмчилгээнд оруулж, бүх арга хэмжээг авснаар халдваргүй төрсөн. Хамгийн чухал нь хугацаандаа хяналтад хамрагдах ёстой.

-ХДХВ-ийн халдвар ганц бэлгийн замаар халдварладаггүй. Эдгээр тохиолдлуудын хувьд ямар байна вэ?

-1992-2017 он хүртэл бүртгэгдсэн 250 тохиолдол  100 хувь бэлгийн замаар халдварласан байдаг. ХДХВ бол сэргийлж болох халдварт өвчин. Амьсгалын замын болон бусад халдварт өвчнийг бодвол өөрийгөө 100 хувь хамгаалж чадах өвчин. Гэтэл залуучууд мэдлэгээ хэрэглээ болгож чадахгүй байна. Хамгийн эхний бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх арга бол тэвчих. Өөрөөр хэлбэл, тохиолдлын бэлгийн  хавьталд битгий ор. Үнэнч бэлгийн хавьтагчтай бай гэдгийг бид сурталчилж байгаа. Үнэнч бай, бэлгэвч хэрэглэх ёстой. Мэдлэг мэдээлэлтэй байх ёстой гэсэн зарчмуудыг баримтлах ёстой.

Г.Санжааханд