ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-03

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2014 онд хувиасаа санхүүжүүлж “Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох, нуурын усны бүтэц болон эко судалгааг хийлгэж, Олон Улсын эрдэмтдийн багаар ажлын тайлан гаргуулж байжээ. Улмаар, 2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа Хөвсгөл аймагт ажиллаж энэхүү ажлыг үргэлжлүүлнэ хэмээн зарлаж байсан бол 2020 онд Засгийн газрын шийдвэр гарч, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байжээ.

Тэгвэл энэ ажил үе шаттай үргэлжилсээр байгааг Л.Энх-Амгалан сайд дуулгаж, ажлын хэсэг хуралдаж тодорхой хэдэн шийдвэр гаргасныг дуулгав. Тэрбээр, энэ талаар бичихдээ "Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар ажлын хэсэг хуралдсан байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулахаар болж байна.

Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо" хэмээн өөрийн нүүр номондоо бичжээ.