М.Анхцэцэг: Парист төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө хичээх болно, баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-03

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин, Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өчигдөр 87 кг-ын жинд хүч үзэж, 252 кг өргөсөн амжилтаар дөрөвдүгээр байранд орсон билээ. Манай тамирчин хамгийн сүүлд түлхэлттэй өргөлтийн төрөлд 147 кг-ыг захиалсан ч амжилттай гүйцэтгэж чадаагүй.

Тэгвэл нялх биетэй атлаа олимпын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг спортын шинэ төрөлд амжилттай гаргаж, шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн түүнд монголчууд халуун дулаан үгсээ харамгүй илгээж, Парисын олимпоос медаль хүртээрэй хэмээн ерөөл өргөсөн билээ. Тэгвэл гавьяат маань баярын сэтгэгдлээ хуваалцсан байна.

М.Анхцэцэг ярихдаа “Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ олимпын наадам маш сайхан болж байна. Дэлхийн олон улс орноос карантинд, байрныхаа гарашинд бэлтгэл хийсэн тамирчид сэтгэл зорилго нэгтэй ирж өрсөлдлөө. Миний хувьд ард түмнийхээ халуун дулаан үг, урмын үгэнд урамшиж сууна. Хэдийгээр медалиас мултраад уйлмаар байсан ч та бүхнийхээ энэ урмын үгийг уншаад урамшиж, илүү их хичээх ёстойг мэдэрч байна.

Парист би төрийн далбаагаа ч бус төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө хичээнэ. Үзэгч байхгүй бол спорт өөрөө байхгүй, дэмжлэг байхгүй бол хэцүү. Нэг тамирчны ард маш олон байгууллага, дэмжигч, үзэгч, хүмүүс байдаг. Намайг энэ амжилтад хүргэхийн төлөө хичээсэн бүх хүмүүст баярлалаа. Намайг эх барьж авсан эмчээс эхлээд л олон хүн миний амжилт, түүнд хүрэх гишгүүр байсан болов уу. Хосоо багшдаа, аав ээждээ, ханьдаа баярлалаа.

13 настайгаас багш дээрээ ирсэн. Төрсөн хүүхдүүдээсээ илүү л намайг хайрлаж, халамжилж яваа багшдаа туйлаас их баярлалаа. Хэн хүнээс илүү намайг ойлгодог багшдаа баярлалаа, охин нь. Таныхаа хүсэл зорилгыг биелүүлнэ, охин нь Олимпын алтан медаль авах болно. Үе үеийн багш нартаа баярлалаа. Хүний эхнэр атлаа гэртээ ч тогтож чадахгүй суугаа ханийгаа ойлгож дэмждэг ханьдаа баярлалаа. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон дэмжигч бүх байгууллагуудад баярлалаа. Өндөр итгэл хүлээлгэж байсан бүх хүмүүсээс уучлал гуйя” гэсэн юм.