С.Батцэцэг: Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-04

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдааныг 20.15 цагт хийж,  Кыргызстан улсын залуу бөх М.Жуманазаровад даралтаар цэвэр ялагдсан билээ.

Манай бөх эхний оноог авч, барилдааныг эхлүүлсэн ч дараа нь хөлдөө гурав дараалан алдаж, өрсөлдөгч нь үүнийг зургаан оноо болгосон юм. Ингээд оноогоор хоцорч эхэлсэн тул урагш давшиж, хөлд нь орох гээд дутуудан цэвэр даруулсан билээ. Ингэснээр С. Батцэцэг олимпоо өндөрлүүлж, харин Кыргызстан улс энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв.

Хэдийгээр Батцэцэг маань медаль хүртэж чадаагүй ч хоёр ч олимпийн наадамд медалийн төлөө барилдсан нь том амжилт байлаа. Нэгэн арваны турш Монголын спортын сор нь болж, дэлхийн дэвжээнд гялалзаж, олимпын их наадмын медалийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн С.Батцэцэгтээ баярлалаа.

Тэрбээр, барилдааны дараа “Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна. Цай сүүнийхээ дээжийг өргөж, намайг дэмжиж байсан монголынхоо ард түмэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.