ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Баттөр: Ерөнхий сайдад эрдэмтдийн танилцуулсан хугацаа гурван хоногоор л зөрсөн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-04

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Судлаачид зургадугаар сарын 15-наас ковидын халдварын тоо буурна гэж байсан. Гэвч бодит нөхцөл байдалд тийм байсангүй. Гол асуудал юунд байв?

-Тухайн үед МУИС-ийн профессор, судлаачид нөхцөл байдал, вакцинжуулалт, түүний үр нөлөөг тооцоод ийм дүгнэлт гаргасан. Энэ тооцооллоор зургадугаар сарын 15-наас эхлээд тохиолдлын тоо буурахаар байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар судлаачдын дүгнэлтийг олон нийтэд танилцуулсан. Харамсалтай нь, иргэд зургадугаар сарын 15, 16, 17-ны мэдээг хараад халдварын тоо буурна гэсэн яасан бэ гэсэн асуулт тавьсан. Гэтэл энэ судлаачдын таамаглал 2-3 хоногийн зөрүүтэй зөв байж гэдэг нь батлагдаж, гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 18-ны өдөр улсын хэмжээнд хамгийн их тохиолдол бүртгэгдээд, үүнээс хойш өвчлөл тасралтгүй буурсан. Наймдугаар сарын 1 гэхэд ковидын тохиолдол улсын хэмжээнд 1000 хүрнэ гэх таамаг, тооцооллын дагуу явж байна. Ойрын 2-3 өдөр тохиолдлын тоо өдөрт 1000 орчим илэрч байгаа. Үүнээс цааш нөхцөл байдал ямар болохыг хэдүүлээ ярилцъя.

-Тэгэхээр судлаачдын таамаглал гурван хоногоор зөрсөн гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Таамаглал бага зэрэг зөрөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлснийг бүгдээрээ мэдэж авлаа шүү дээ. Нэгдүгээрт, коронавирусийн альфа хувилбар хүн амын дунд тархсан гэдгийг Япон улс руу явуулсан шинжилгээгээр мэдлээ. Хоёрдугаарт, тэр үед орон нутгийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зарим үед болсон. Эдгээр хөдөлгөөний тооцооллыг магадгүй дутуу тооцсон байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн Улаанбаатар хотод сүүлийн хэд хоногт өдөрт 200-300 тохиолдол бүртгэгдэж эхэлж байна. Хамгийн сүүлд хэзээ 200 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бэ гэхээр, гуравдугаар сарын 20 орчмын үе байв. Гэвч хөл хорилгүй явж байгаад дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоож байсан. Өнгөрсөн хугацаанд удаа дараа хатуу хөл хорио тогтоож байхад Улаанбаатар хотод хамгийн багадаа нэг л удаа 317 тохиолдол бүртгэгдэж байсан. Бусад бүх өдөрт 400-600 тохиолдол бүртгэгдэж байв. Гэтэл өнөөдөр  хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдварын тоо эрс буурч байна. Мэдээж үүнд нийт хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан, мөн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаа нь нөлөөлсөн. Нэг ёсондоо, хатуу хөл хорио тогтоож байх үеийнхээс халдварын тоо эрс буурсан. Гэхдээ ойрын хоёр өдөр илэрсэн халдварын тоо долоо хоногийн эхэн учраас бага зэрэг савлагаатай байгаа. Маргааш, нөгөөдөр халдварын тоо үл ялиг нэмэгдэнэ. Бидний тооцоолсноос илүү нэмэгдээд эхэлбэл дельтавирус байгаа эсэхийг судална. Хэдийгээр Улаанбаатар хотод тохиолдлын тоо буурч, 200 гаруй болсон ч халдвар хамгааллын дэглэмээ барихгүй, хөл хөдөлгөөнөө чөлөөтэй нээвэл өвчлөл буцаад нэмэгдэх өндөр эрсдэл бий. Тийм учраас ерөөсөө тайвширч болохгүй. Есдүгээр сарын 1-нээс хичээл, сургууль эхлүүлэх эсэхийг харзнаж байгаа энэ үед анхаарлаа сулруулж огтхон ч болохгүй. Энэ сардаа 12-17 насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдах шаардлага байсаар байна.

-Та сая 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулна гэжхэллээ. Намар хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Энэ үед ямар бодлого баримтлахаар төлөвлөж байна вэ?

-12-17 насны хүүхдүүдийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 орчим хувьтай байна. Үндсэндээ 220 орчим мянган хүүхэд вакцинд хамрагдсан гэсэн үг. Энэ насны бүлгийн хүүхдүүд 280 орчим мянга байдаг. Тэгэхээр энэ сард вакцинд хамрагдаагүй бүлгээ хамруулах, сургууь, цэцэрлэг эхлэхэд 12-17 насны хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдчихсан байвал халдварын тархалт төдийлөн нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, вакцинд хамрагдсан хүн ам дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдээ хамгаалах боломжийг бий болгож чадна. Нэг ёсондоо, вакцинд бүрэн хамрагдсан иргэд 0-11 насны хүүхэд болон хүндэтгэх шалтгаанаар вакцинд хамрагдаад иргэдээ хамгаалж чадна гэсэн үг. Дэлхийн бүхий л улс орон үүний төлөө л ажиллаж байна. 

-Хүн амаа вакцинжуулаагүй байсан бол яах байсан бэ?

-Халдварын тоо 800 орчим мянгад хүрэх байсан. Бид өнөөдөр вакцинтай учраас энэ зовлонг мэдрээгүй. 

-12-17 насныхны дархлаажуулалтад хамрагдаж буй байдал маш сайн байна. Энэ эрчээрээ явбал наймдугаар сард бид энэ насны хүүхдүүдийг бүрэн тунд хамруулж дуусах уу. Нөгөө талд 150 мянган иргэн вакцинд хамрагдаагүй гэх мэдээлэл байна. Насан хүрэгсдийн вакцинд хамрагдалт ямар түвшинд байна вэ?

-12-17 насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүд наймдугаар сардаа багтааж хийлгэх бүрэн боломжтой. Вакцины нөөц хангалттай бий. Тэр бүү хэл ямар нэг байдлаар эргэлзээд вакцинд хамрагдаагүй иргэд гурван төрлийн вакцинаас сонгоод хийлгэх боломж ч байна. Хамгийн гол нь, ард иргэдийн идэвх санаачилга хэрэгтэй. Энэ хүмүүс наймдугаар сардаа вакцинжуулалтад хамрагдчихвал хичээл сургуулийн үйл ажиллагааг тодорхой үе шаттай нээх боломжтой. 
-Хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулснаар ямар үр дүн гарч байгаа бол?

-Ердөө 4-5 долоо хоногийн өмнө 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байсан. Харин энэ насны бүлгийнхнийг дархлаажуулж эхэлснээр хүүхдийн өвчлөл дотроо тэдний өвчлөл буурч эхэлсэн. Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө. Үүний нөгөө талд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байна. 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл 44 хувьтай. Тэгэхээр вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд эрсдэл байсаар байна. 0-4 насны хүүхдээс ПСР шинжилгээ авахгүй байгаа. Ерөнхийдөө шинж тэмдэггүй өвчилж байгаа хүүхдүүд бий. 

-“Ковид”-өөр өвчлөх тохиолдлын тоо буураад байгаань ПСР шинжилгээ бага авч байгаатай холбоотой юм биш үү?

-Тохиолдлын тоо буурч байгааг ПСР шинжилгээ түүнд илэрч байгаа эерэг тохиолдлын тоотой харьцуулж гаргадаг. ПСР шинжилгээг долдугаар сарын 11-ны байдлаар Японд өдөрт 54, Солонгост 25, Тайвань 23 мянгыг хийж байсан. Монголд энэ тоо 10 мянга байгаа. Одоо өдөрт 7-8 мянган хүнд шинжилгээ хийж байна. Нийт хүн амд нь харьцуулаад үзвэл, манайд хийж буй ПСР шинжилгээний тоо өндөр. Өмнө нь орон нутаг руу зорчихоор бол вакцины бүрэн тунд хамрагдаагүй учраас заавал шинжилгээ шаарддаг байсан. Тухайн үед төрийн болоод хувийн хэвшлийн зарим байгууллага руу нэвтрэхэд шинжилгээний хариу нэхдэг байв. Нэг ёсондоо, нөөцийг бид үр ашиггүй зарцуулж байсан. Гэтэл вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносны дараа ПСР шинжилгээний хариу нэхэхээ больсон. Энэ нь шинжилгээний тоо буурсан харагдуулаад байгаа юм. Одоо өдөрт хийж буй 7-8 мянган хүний шинжилгээ бол тандалтаар ойрын хавьтлаас авч байгаа үр ашигтай сорьц гэж ойлгож болно. Энэ шинжилгээний тоог эерэг эзэлж байгаа хувьтай нь харьцуулж үзье. Орон нутагт гарч байгаа халдвар нийт тохиолдлын 80 хувийг эзэлж байна. Өнөөдөр 1000 тохиолдол бүртгэгдэхэд Улаанбаатарт 200, орон нутагт 800 илэрсэн. Тийм учраас орон нутаг, нийслэлийн тохиолдлыг салгаж авч үзэхэд Улаанбаатарт эерэг эзлэх хувь нийт хийгдэж байгаа ПСР шинжилгээний тоотой харьцуулахад таван хувь руу дөхөж ирж байна. Хатуу хөл хорионы дараах үетэй дөхөж очиж байгаа. Дэлхий нийтээрээ энэ харьцуулсан тохиолдлын тоо таван хувь руу ороод ирвэл халдварын тохиолдлыг хяналтад авлаа гэж үздэг. Улаанбаатар хотын хувьд тэр нөхцөл байдал руу нэлээд дөхөж байна. Гэхдээ орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж буй учраас нийт шинжилгээний тоонд эерэг эзэлж байгаа хувь нь 15 байгаа. 

-Орон нутагт халдварын тохиолдол яагаад өсөөд байгаа юм бэ?

-Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байна. Баян-Өлгий аймагт ХӨСҮТ-ийн баг энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Тэндээс ирүүлсэн тандалтын багийн мэдээгээр, тус аймагт хурим найраас гадна аялал жуулчлалыг дагаад хөл хөдөлгөөн их байна гэсэн. Дээрээс нь вакцинжуулалтын хувь хамгийн бага байна. Увс аймагт ч ялгаагүй. 12-17 насны вакцинжуулалтаар ч эдгээр аймаг хамгийн бага хувьтай. Тийм учраас хөл хөдөлгөөн, халдвар хамгаалал, вакцинжуулалт гэсэн цогц арга хэмжээг авч байж үр дүнтэй ажиллана гэдгийг хэлье.