ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Ганцэцэг: Сүрьеэгийн эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцдаг

O.Admin
2018-07-23

Монголчуудын дунд өвчлөлийн хэмжээ түгээмэл байдаг сүрьеэ өвчний талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч, сүрьеэгийн эмч Ч.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Манай улсад сүрьеэгийн өвчлөл ямар төвшинд байна вэ. Хамгийн сүүлийн үеийн судалгаа гарсан уу?

-Монгол Улсад сүрьеэгийн тандалтын тогтолцоо 1962 оноос өнөөг хүртэл явагдаж байгаа. Энэхүү бүртгэл мэдээллийн тогтолцооноос үзэхэд манайд жилдээ 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь 10000 хүн амд тооцвол 14 промиль байна гэсэн үг. Нийт халдварт өвчний 12 орчим хувийг сүрьеэ өвчин дангаар эзэлдэг. Сүрьеэ өвчин энгийн болон эмэнд тэсвэртэй гэсэн хоёр төрөл байдаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь гол үйлчилгээ үзүүлдэг үндсэн эмэнд тэсвэртэй, нянгаар үүсгэгдсэн хэлбэр юм. Энэ тохиолдол жилд 200 гаруй бүртгэгдэж, 80 орчим хувь нь эмчилгээнд хамрагддаг. Манай улс Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд ордог.

-Эдгээр тохиолдлууд зөвхөн танай ХӨСҮТ-д бүртгэгдэж байгаа тоо юу, улсын хэмжээнд ийм байна уу?

-Улсын хэмжээнд гарсан тооцоо судалгаа. Сүрьеэгийн тусламж үйлчилгээг 21 аймаг, есөн дүүрэг “Энэрэл” хорих анги, СЭМҮТ зэрэг нийт 33 нэгж байгууллагад үзүүлдэг.

-Нийт хүн амын хэдэн хувь нь сүрьеэ өвчнөөр өвчилсөн байдаг вэ. Судалгаа байдаг байх?

-Улсын хэмжээнд 2014-2016 оны хооронд нийт хүн амын дунд тархалтын судалгааг хийсэн. Нийт 50 гаруй иргэнийг хамруулсан судалгаа болсон. Энэ судалгаагаар уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэ жилд 12 мянга орчим бүртгэгдэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, одоо бүртгэгдэж байгаа 4000 тохиолдлоос гурав дахин их байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс гадна эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 2007 онд 1.4 байсан бол 2016 оны судалгаагаар 5.3 болж өссөн байна.

 -Эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь эмчилгээ авдаггүй гэх ойлголт байдаг. Ямар ч найдваргүй гэж ойлгох уу ?

-Сүрьеэг эмчилдэг таван төрлийн эм байдаг. Тэдгээрийн дотор сүрьеэгийн нянг устгадаг гол эмд тэсвэртэй гэсэн үг. Энгийн сүрьеэг бодвол илүү урт хугацаанд буюу 2-3 жилийн эмчилгээ шаарддаг. Эмч, өвчтөн хоёроос нэлээд тэсвэр, тэвчээр шаардсан эмчилгээ хийгддэг юм. Хэвтэн эмчлүүлдэг эрчимт шат нь 6-8 сар, үргэлжлэх шат нь 16-18 сар байдаг. Сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас богино хугацааны эмчилгээний горимыг санал болгох болсон. Зөвлөмжид гурван жилийн эмчилгээг есөн сар болгох саналыг дэвшүүлж, зөвлөсөн байдаг юм. Энэ чиглэлээр манайх 2018 оноос тодорхой хүмүүсийг эмчлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

-Халдвар авсан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Сүрьеэ гэдэг бүрэн эдгэрдэг өвчин. 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, хөлрөх, турах зэрэг шинж тэмдэг илэрвэл зайлшгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Хамгийн түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, холбогдох шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй. Өмнө дурьдсан 33 нэгж байгууллагад бүгдэд нь сүрьеэгийн лаборатори бий. Зарим лабораторид сүрьеэг хоёр цагийн дотор оношилдог оношлогооны молекул, биологийн оношлогооны аргууд шинээр нэвтэрсэн.

-Энгийн шинжилгээний хариу нь удаж гардаг гэсэн үг үү. Ер нь оношлогооны хэдэн төрлийн арга байдаг юм бэ?

-Сүрьеэг оношлох хэд хэдэн арга байдаг. Түрцийн шинжилгээний арга, хатуу болон шингэн тэжээлт орчинд ургуулах арга гэх мэт. Түрцийн шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг. Сүүлийн үед гарсан төхөөрөмжөөр хоёр цагийн дотор хариу нь гарна.

-Сүрьеэгийн өвчлөл өсөх хандлагатай байгаа гэлээ. Үүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ, бодлого баримталж ажиллаж байгаа болов уу?

-Сүрьеэ өвчинтэй тэмцэх талаар томоохон суурь судалгаануудыг хийж, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. 2017 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ нь таван төрлийн халдварт өвчний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөсөн томоохон хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын үйл ажиллагааны төлөвлөгөө 2017 оны дөрөвдүгээр сард батлагдаж, үндэсний хэмжээнд мөрдөн ажиллаж байна.

-Иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлье, халдвар авахгүй байя гэвэл хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Вакцинд хамрагдах шаардлагатай байх?

-Хамгийн гол зүйл бол халдвар тарааж байгаа эх уурхайг илрүүлж эмчилгээнд хамруулах шаардлагатай юм. Халдвартай хүн эмчилгээнд хамрагдаад 14-21 хоноход тухайн өвчтөн халдвар ялгаруулахаа больдог. Эмчилгээг үргэлжлүүлэн зургаан сар хийлгэж, бүрэн эмчлүүлэх ёстой. Үүнээс гадна ханиах, найтаах эрүүл ахуйг мөрдөх хэрэгтэй. Амаа таглахгүйгээр олон нийтийн газар ханиаж, найтаах нь ариун цэврийн хувьд ч , эрүүл ахуйн хувьд ч зохимжгүй үйлдэл. Ямар ч тохиолдолд ханиаж, найтаахдаа амаа таглаж, халдвар тараахаас сэргийлэх дадал маш чухал. Ялангуяа сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварладаг тул гэр бүл болоод ойр орчинд байгаа хүмүүст халдвар тараах өндөр эрсдэлтэй. Гэхдээ халдвар авсан хүн бүр сүрьеэ өвчнөөр өвддөг гэж ойлгож болохгүй. Тухайн хүний дархлалын систем сайн бол насан туршдаа ч өвдөхгүй байх боломжтой. Тиймээс дархлаа маш чухал. Дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Дархлаа сайн бол вирус халдварлахгүй гэсэн үг үү?

-Сүрьеэ өвчин вирусээр биш бактерээр үүсгэгддэг. Хамгийн түрүүнд хэн өвдөх вэ гэвэл тодорхой эрсдэлт бүлгийн, дархлаа дарангуйлагдсан, суурь өвчтэй зэрэг хүмүүс сүрьеэгээр өвчлөх өндөр эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл халдвар авсан 100 хүн байлаа гэж үзвэл 10 орчим хувь нь сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй байдаг.

-Халдвар авснаас хойш хэр удаж шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эрсдэлт бүлгийн хүмүүс халдвар авснаас хойш хоёр хүртэлх жилийн дотор шинж тэмдэг илэрнэ. Энэ хугацаанд янз бүрийн хугацаатайгаар илэрнэ. Тогтсон хугацаа гэж байхгүй. Тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалаад өөр өөр байна. Халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилнө гэж ойлгож болохгүй. Шинж тэмдэг илэрч л байвал шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой. Эрсдэлт бүлэг гэдэгт бага насны хүүхэд, ахмад настнууд, удаан хугацаагаар эм ууж байгаа, хортой, хоргүй хавдартай хүмүүс орно. Шинж тэмдэггүй хэрнээ сүрьеэгээр өвдсөн байх тохиолдлууд байдаг. Тиймээс жилдээ нэг удаа цээжний гэрлийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ингэснээр аль болох эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм.

-Сүрьеэгийн вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй биз дээ?

-Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор сүрьеэгийн БЦЖ вакциныг хийдэг. Энэ вакцин нь тухайн хүүхдийг халдвар авч, сүрьеэгээр өвдөхөөс бүрэн сэргийлж чаддаггүй. Халдвар аваад, хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс 90-ээс дээш хувь хамгаалдаг.

-Эмчилгээгээ бүрэн хийлгээгүй тохиолдолд ямар үр дагавартай байх вэ?

-Эмэнд мэдрэг сүрьеэг зургаан сар эмчлэх ёстой байтал хүмүүс эхний гурван сарын эмчилгээнд ороод шинж тэмдэг, зовиургүй болоод ирэхэд нь эмчилгээгээ хаячихдаг. Ингэхэд хэсэг хугацааны дараа эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогддог. Өөрөөр хэлбэл, эмчилгээ дутуу хийлгэснээс болоод илүү хүнд хэлбэрийн, эмчилгээ удаан хийгддэг хэлбэрт шилждэг гэсэн үг. Ингээд тухайн хүн эрүүл хүнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар тараана. Тэгэхээр хамгийн гол нь оношлуулах, эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэх шаардлагатай.

-Сүрьеэгийн сорилыг танай эмнэлэг дээр үнэ төлбөргүй авдаг гэсэн мэдээлэл байсан?

-Хүүхдийг сүрьеэтэй байна уу үгүй юу гэдгийг илрүүлэх зорилготой шинжилгээ юм. Насанд хүрсэн хүмүүс цээжний гэрлийн шинжилгээ хийлгэнэ.