ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.МИНЯА: Шахмал түлш худалдах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг авч эхэлсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-26

"Тавантолгой түлш" ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Тавантолгой түлш ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад явж байна. Үйлдвэрийн шугамын засварын ажлууд хийгдээд дуусах шатандаа орсон. Өвлийг аль болох эрсдэлгүй давах, хэрэглэгчдийг түлшээр таслахгүй байх, үйлчилгээг ойртуулах гээд олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна.

-Түлшний нөөц хэрхэн бүрдүүлэв?

-Өнөөдрийн байдлаар 20000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Энэ нөөц өдөр өдрөөр нэмэгдээд явна. Баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 8 шугам өнөөдөр хэвийн ажиллаж, түлшээ үйлдвэрлэж байна. Тун удахгүй дөрвөн шугамын засварын ажил дуусч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Ингэвэл өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болно. Зүүн бүсийн үйлдвэрийн урсгал засварын ажил хараахан дуусаагүй байна. Засвар дуусч, ажиллаж эхэлбэл мөн өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэх юм.

-Хэзээнээс худалдаалж эхлэх вэ. Хэчнээн цэгээр борлуулах вэ?

-Нийслэлийн хэмжээнд борлуулалтын 600 цэг ажиллана. Цэгийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Сайжруулсан шахмал түлш худаалахыг хүссэн иргэдийн хүсэлтийг www.burtgel.ttt.mn сайтаар цахимаар хүлээн авч байна. Иргэд энэ хаяг руу хандаад зааврын дагуу үнэн зөв бөглөөд хүсэлтээ илгээх юм. Ирсэн хүсэлтийг цэг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн үзэж танилцаад боломжит байршилд борлуулалтын цэгүүдийг нээж, иргэн аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. Цэгийн сонгон шалгаруулалт дууссаны дараа есдүгээр сарын 15-аас сайжруулсан шахмал түлшийг иргэдэд худалдан борлуулна.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх аж ахуй нэгжүүдтэй мөн гэрээ байгуулаад графикийн дагуу түлшийг нь олгоод явах юм.

-Түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэд хэдий хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах вэ?

-Энэ оны есдүгээр сарын 15-аас ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулна. Бүртгэлийн сайтын бүх цонхыг үнэн зөв бөглөж хүсэлтээ илгээрээрэй. Хэрэв дутуу бөглөвөл хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Мэдээж тодорхой шаардлагууд байгаа. Түлш маань өөрөө шатах эрсдэлтэй бүтээгдэхүүн учраас гал гарсан тохиолдолд галын машин саадгүй орох боломжтой байх ёстой. Мөн агуулах сав, эргэлтийн хөрөнгө гэх мэт шаардлагууд байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн сайтаас харах боломжтой.

-Өнгөрсөн жил нэг өрхөд 6 шуудай түлш олгож байсан. Энэ хэмжээ өөрчлөгдөгдөх үү?

-Бид түлш худалдаалж эхлэхээс өмнө нэг өрх-нэг карт аяныг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд айлуудад байгаа сайжруулсан шахмал түлшний картыг тухайн өрхийн бүртгэлд бүртгэж баталгаажуулна. Ингэснээр нэг айл олон картаар түлш авдаг байдлыг таслан зогсоож, айл өрх бүрт хүртээмжтэй байдлыг бий болгох юм. Картын бүртгэлээ баталгаажуулах иргэд Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дүүргийн салбаруудад хандах хэрэгтэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9400 утсаар лавлаж болно.

Агаарын чанарын бүсэд Налайх дүүргийг энэ жил оруулна гэсэн. Тэгэхээр Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш худалдаална гэсэн үг үү?

-Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш худалдаалах эсэхийг хараахан эцэслээгүй байгаа.