ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улстөржмөөр байгаа бол шууд надтай тул

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-10

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий дөрвөн сайдаа огцруулна, танхимд хөдөлгөөн хийгдэж МАХН-аас хоёр сайд тодорно гэх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд, Зам тээврийн сайд Л.Халтар нарын дөрвөн сайд огцрох тухай таамаг дэвшүүлж байсан билээ. Тэгвэл өчигдөр болсон Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр энэхүү таамаг ярианд албан ёсоор тайлбар өгчээ.

Тэрбээр, “Засгийн газар сайд нарыг огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч тэр ч байтугай Нийслэлийн хэмжээнд ч нягт хамтран ажиллаж, өмнө байгаагүйгээр ойлголцож ажиллаж байгаа учраас үе үеийн Засгийн газрын үед танхим огцордог, эсвэл огцруулдаг улс төрийг одоо хийх үе нь биш гэдгийг ч онцолжээ.