ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс, БНСУ-ын харилцаа нэг шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол”, 1991, 1999, 2006, 2011 оны дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл”, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Төрийн тэргүүн нар хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улс дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ээр зарлан тэмдэглэснийг өндрөөр үнэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохиров.

Түүнчлэн, цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.