Э.Цэндбаатар: Олимпоор ард түмнээ баярлуулж чадаагүй, энэ удаа боломж олгооч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-15

Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, удаа дараа ёсзүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Боксын шигшээ багаас МУГТ, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой аварга Э.Цэндбаатарыг хассан билээ. Тэрбээр, өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож өөрөө ямар ёсзүйн алдаа гаргасан, өмнө нь ямар боломж байсан, шигшээ багийн дасгалжуулагч, зодог тайлсан тамирчдын зүгээс ямар дарамт ирж байсан талаар ярьсан. Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар ахынхаа хамт мэдээлэл хийж, ДАШТ-д оролцох хүсэлтээ Монголын боксын холбоо, МҮОХ-д гаргалаа.

Түүний ах нь хэлэхдээ “Бид хүсэлт гаргах гэж байгаа юм. МҮОХ-ны Үндсэн дүрмийн 3.6-д “Спорт нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх хэлбэрийг эсэргүүцэх ба биеийн тамир, спортын хөгжилд саад учруулах аливаа мэдээллийн эсрэг идэвхтэй тэмцэх” гэсэн үүрэг бий. Мөн 3.11-д “Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэн, тамирчдаа хамгаалах” гэсэн үүрэг ч бас байдаг. Тиймээс Олимпын үндэсний шигшээ багийн тамирчин учраас тамирчнаа хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Олимпын тамирчнаа хамгаалах болов уу гэж найдаж байна” гэлээ.

Харин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би дэлхийн аварга болж, эх орондоо медаль авчрахыг хүсэж байна. Олимпоор ялагдсан тамирчнаа ялахыг хүсэж байна. 60 кг бол миний үндсэн жин. Өөрийнхөө хүссэн жиндээ тулалдаж, хүссэн зүйлээ хийгээд, харуулмаар байна. Ямар тоглолт хийж чаддагаа харуулахыг хүсэж байгаа. Би рейтингээрээ Азидаа нэгд, дэлхийд хоёрт бичигддэг. Куб тамирчин бас миний өрсөлдөгч. 60 кг бол ид насныхан тулалдах боломж шүү дээ. Харуулах боломж надад олгооч. Энэ миний хамгийн сүүлчийн дэлхийн аварга учраас орохыг маш их хүсэж байна. Цаашдаа мэргэжлийн бокс руу орно. Олимпоор ард түмнээ баярлуулж чадаагүй. Одоо энэ тэмцээнээр харуулах боломж олгооч” гэлээ.