ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Гадна талбайн арга хэмжээг цаашдаа зөвшөөрнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд-2021” арга хэмжээтэй танилцах үеэр сэтгүүлчид Төв паркид зохион байгуулагдсан “Цахим үндэстэн” арга хэмжээ хууль зөрчсөн эсэх, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох эсэхийг тодрууллаа.

Ерөнхий сайдын тухайд гадна талбайн арга хэмжээг цаашдаа зохион байгуулаад явна гэдгээ мэдэгдсэн бөгөөд УОК-оос өгсөн зөвшөөрлийн дагуу уг арга хэмжээг зохион байгуулсан юм билээ гэх тайлбар өгөв. Тэрбээр, “Гадаа зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг цаашдаа үе шаттай нээгээд явна. Дасан зохицож, энгийн амьдралын бодлого руу шүүмжлэлтэй ч гэсэн явахгүй бол арга алга. Цаашдаа ч дотоод талбайн арга хэмжээг үе шаттай нээгээд явна. Зохион байгуулалт дээр алдаа гарсан юм билээ.

Олон хүн цуглах тал дээр алдаа гарсан гэж тайлбарласан. УОК нь зөвшөөрсөн. Өмнө өгч байсан татгалзсан бичиг нь гарсан. Гадаа байгаа арга хэмжээг цаашдаа зөвшөөрнө өө. Дэлхийн улс орнууд гадна талбайн арга хэмжээг зөвшөөрөөд явж байгаа. Бид ч гэсэн вакцинжуулалт 60-аас илүү гарсан учраас цаашдаа үзвэр, үйлчилгээгээ үе шаттай нээж, үйлчилгээний байгууллагуудаа ч нээгээд явна.

Хөл хорио бол шийдэл биш. Эдийн засаг дагаад уналтад орох учраас шинэ жилээ ч хийе гэж байгаа юм. Энэ нь баярлах тухай асуудал биш. Аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүү мөнгөний эргэлт тэнд яригдах учраас миний хувьд үе шаттай нээгээд явна гэсэн бодлого барина. Шүүмжлүүлж байна гээд хаагаад, хориод суугаад байвал эдийн засаг уналтад орно” хэмээлээ.