ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар 800-1000 ажлын байр бий болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-22

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг энэ сарын 17-нд эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Төслийн хувьд  нэлээд олон жил гацсан бөгөөд станц барих ерөнхий гүйцэтгэгч компанитай Эрчим хүчний яам гэрээ байгуулсан гэдгийг мэдэгдлээ.

Ингэснээр барилга угсралтын ажил албан ёсоор эхэлж байгаа аж. Н.Тавинбэх сайд энэ талаар ярихдаа “Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийхээр болж, ерөнхий хэлэлцээрийн дагуу барилга угсралтын ажилд БНХАУ-ын төрийн өмчит компаниуд шалгарсан байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.  Нийт 271 сая ам.доллароор 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

УЦС-ыг барих ажилд 800-1000 түр ажлын байр бий болох бол ашиглалтад орсноор 80 орчим байнгын ажлын байр бий болно. Монгол  Улсыг нэгдсэн системтэй холбох Эрдэнэбүрэн- Мянгад, Мянгад-Улиастай гэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж ашиглалтад оруулах ёстой. Зураг төсөл болоод ТЭЗҮ хөрөнгийг тусгасан. 2022 оны нэгдүгээр сард дуусна. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн хэрэглэгчид нийт эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авдаг. ОХУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүчний импортын зөрүүд Монгол Улс жилд 13-15 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа” хэмээлээ.

Станц ашиглалтад орсноор эрчим хүчний төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд усан сан байгуулах газраас 250 орчим айлыг нүүлгэн шилжүүлнэ гэлээ. Эхний ээлжинд 98 айл яаралтай газраа чөлөөлж өгснөөр ажил эхлэх бөгөөд тухайн айлуудын амьдрах орчныг дордуулахгүйгээр тохироо хийж, асуудлыг шийднэ гэлээ. Үүнд 12 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. Тус станц нь 7-8 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэдгийг Н.Тавинбэх сайд онцоллоо. Анхны судалгааг 1964 онд хийсэн бөгөөд түүнээс хойш 2018 онд дахин судалгаа хийж, УЦС барих боломжтой юм гэдгийг эцэслэн шийдвэрлэжээ.